БОРОО ХҮҮРНЭГЧИЙН ЭХНИЙ ЗАХИА: ХЭЛЭХГҮЙ БОЛ НАСАН ТУРШДАА ХАРАМСАХ БАЙХ…
Сайн байна уу. Энэхүү захидал хүрэх өдрийн мэндийг айлтгая. Алс хол эх орны дорнод хилээс чиний амрыг мэдэн басхүү ийн захидал солилцон суух хувь тавилан байж дээ. Энд амьдрал уйтгарлах ч чөлөө завгүй өрнүүн, адал явдал, ухаарал, сургамжаар дүүрэн өнгөрч байна. Надад санаа зоволтгүй ээ. Биеийн хэцүүгээс илүүтэй санах, үгүйлэх орон зай л уйтай байна.
Магад чи санах сайхан гэж хэлэх байсан байх даа… Энд би навчис хөглөрч, модод бөхийсөн намар цагт ирсэн сэн. Одоо урь орж, өвөлжин дарсан тэнгэрийн жин сая нэг хөнгөрөв үү гэлтэй, хүн амьтны сэтгэл тэнэгэр байна. Чамтай учирсан нь надад зол жаргал, хувь тавилан шиг санагддаг. Чиний яриа бас инээдэд би хамгаас дуртай. Чи тийм л эмзэг, танил дотно хүн минь. Одоо оройтсон ч байж магадгүй л дээ. Гэхдээ хэлэхгүй бол насан туршдаа харамсах байх.
Өнөөдөр тэнгэр газар нийлэх мэт шуургатай, ёстой л банштай цайны өдөр байна даа. Харин дотор хаа нэг намуухан аяз эгшиглээд намайг сэтгэлээ цэлийтэл нээ гэх шиг. Өмнө нь хэлье гэсэн ч гуниг, уйтгараас өөр юу ч үгүй өөрийгөө чамладаг байлаа.
Ками найз нь чамд хайртай. Тийм ээ, би чамд хайртай. Дурласан шүлэгчдийн тоог чи аль хэдийн нэгээр нэмсэн. Одоо харин сэтгэл нийлж, учирсан хосын тоог нэгээр нэмэх үү? Хэрхэхээ өөрөө мэд дээ.
Хэзээнээс би чамайг хайрлаж эхэлснээ мэдэхгүй
Хэрхэн, хаанаас миний хайр ундардгийг ч мэдэхгүй
Хэлж мэдэхгүй ч би зүгээр л чамдаа хайртай
Чин үнэнээсээ л биш бол чи ч чи биш, би ч би биш
Чиний гар цээжин дээр байгаа нь угтаа миний л гар
Миний нойр хүрэхэд чиний нүд анилдах тийм л ойр байхыг хүснэм
Чиний хацар дээрх нулимс миний хацар дээр хайлдаг, тэгж л хамт байхыг хүснэм.
(Пабло Неруда, Хайрын сонат)
Чиний сэтгэлийн орон зайд би хэн сэн гэдгээ мэдэхгүйгээр чамайг гагцаар өөрийнхөөрөө хайрлаж, гуниглаж баярлахдаа санаж басхүү хүрэхээс ч хайрлан эмзэглэж байдаг сэтгэлийг минь өршөөнө биз ээ. Чамайг хайрлаж татагдсан минь магад бурхны зурсан зураг хорвоогийн хувь тавилан гэдэгт би итгэдэг ээ. Гэгээн, дотно, ойрхон, дулаахан чамдаа энэ ядмагхан захидлаар чин сэтгэлээ тээж илгээлээ. Илгээх хариуг чинь тэсэн ядан хүлээж сууя.
Гүнээ хүндэтгэсэн, чиний Бороо хүүрнэгч.
Хилийн тэнгэр цэлмэг байж холын дууг минь чамд хүргээсэй…
Хариу захидлыг дараах холбоосоор уншина уу:
Leave a Reply