Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

ШАНАЛАЛ ГУНИГАА ОДОО ХЭНТЭЙ ХУВААЛЦАХ ВЭ?

Анхлан бичээчдэд дайх анхлан бичээчийн үг

(Давлагаа-2024 оюутны наадамд зориулсан бичвэр)

Яруу найрагч Д.Нямсүрэнгийн “Уснаа өөрийгөө харахуй” шүлгийн төгсгөлд ийм хоёр мөр бий. 

Шаналал гунигаа одоо хэнтэй хуваалцах вэ? 

Шанаган тэр хорхойгоор хийл хийж өгч чадах уу? гэв ээ. 

Ойлгов уу? Уг шүлэгт урлагийн охин тэнгэр Янжинлхамд “зэмсгийг” нь урлан өгч буйгаар зохиогч өөрийгөө дүрсэлсэн байдаг юм. Пийпаа хөгжим урлаж өгсний хариуд охин тэнгэр “Уснаа өөрийгөө харахуй” гэдэг дуу дуулж өгнө. Тэр дуу нь: Охин тэнгэр усанд өөрийн дүрийг хартал урьдын сайхан зүс царай нь үгүй болоод хацрын хонхорхойд нь шанаган хорхой үхсэн байдаг. Түүнийг үзсэн урлагийн тэнгэр зохиогчоос үхсэн тэр шанаган хорхойгоор надад “хийл” хийж өгч чадах уу? хэмээн асууж буй нь тэр. Одоо би чамаас энэ асуултыг асуумаар байна. “Шанаган тэр хорхойгоор хийл хийж чадах уу?” Хөрвүүлбэл: Шаналал, гуниг, зовлон, гашуудал, мэдэрсэн бүхнээ сэтгэл хөглөдөг, урлагийн бурхан тэнгэр хүртэл хөгжимдөн дуугаргаж болохуйц зэмсэг болгон хувиргах шид чамд бий юу? Тэгэх амаргүй. Шанаган хорхой хийл болтлоо хэчнээн удах билээ? Эхлээд хийлийн дүрстэй үхсэн шанаган хорхой урлана. Хийл шиг, гэвч ямар ч аялгуу хөггүй шанаган хорхой ч бүтээнэ. Гэвч хэзээ нэг өдөр үнэхээр хийл болж хувирна гэдэгт итгэсээр амьдрах нь уран бүтээлч хүний шаналал болой. 

Тэгэхээр шаналал гунигаа шаналал гуниг чигт нь “цацах” нь үхсэн шанаган хорхой барьчхаад хийл хийчихлээ гэж зүтгэхтэй л адил хэрэг. “Давлагаа 2024” оюутны улсын уралдаанд ирсэн бүтээлүүдэд гарсан хамгийн түгээмэл алдаа нь энэ юм. Сэтгэлийн хүндээ болхи баараг чигт нь урлагт нялзаах. 

Гэхдээ тайвшир даа. Энэ гагц чиний алдаа биш. Зохиолч болохын өмнө төлөвших гэгч анхлан бичээчдийг цөмийг нь өвдөг дээр нь сөхрүүлдэг даваа бий. Өвдөг сөхөрнө гэдэг үхэл биш шүү дээ. Өндийх ямагт сайхан байдаг хойно. Гэхдээ үзэг цаас нийлүүлэх болбол өөртөө дандаа сануулж баймаар хэдэн зүйл байдаг. Тэр нь миний хувьд: 

Би зохиолоороо хэнд ч, юуг ч зааж сургаж чадахгүй. 

Амьдрал ийм л юм. Муу хүн гэж ийм байдаг юм. Ийм зүйлийг л зовлон гэнэ. Ийм нөхцөлд хүн гагцхүү ийм л хариу үйлдэл үзүүлдэг юм. Энэ мэтийг ганц өөрөө олж хараад, бусдад түүнийгээ ухааруулах гэж байна гэж эндүүрдэг бичээчид олон. Надад тийм бичвэр бүтэлгүйтэл шиг санагддаг. Зохиол гэдэг амьдралын тусгал. Амьдралд туйлын зүйл юу ч байхгүй. Туйлын зүйлгүй амьдралыг ганцхан шугамаар чигжээд тунхаглачихсан зохиол сохор хүний зурсан зураг шиг.

Зовлон чимэглэл биш, гоёл биш. Өрөвдмөөр зүйл бүр ч биш. 

Хүний сэтгэлийг хөдөлгөх гэдгийг дүрээ өрөвдөлтэй байдалд оруулж, уншигчаа уйлуулахыг хэлдэг юм байна гээд зохиолчдоор тогтохгүй кино, жүжгийн уран бүтээлчид ч эндүүрэх нь олонтоо. Зүдэрсэн амьдралын түүхийг зохиож, түүнээс илүүг бичье гэвэл илүү зовлонтой ахуй дүрслэх хэрэгтэй мэт хандах чөтгөрийн тойргоос зохиолоо тэврээд зугтаж хайрлаарай. Зохиолын баатраа өөрөөсөө ангид хүн мэт төсөөлж, түүнийг өрөвдөн доош хийхээс аль болох цээрлэх хэрэгтэй. Эцсийн эцэст тэр бол цаасан дээр амилсан чамаас тусдаа бодгаль. Өөрийнхөөрөө аж төрж яваа түүнийг эвийлэн хөөрхийлөх нэрийдлээр доош хийж яах юм бэ?  

Холбогдох жишээ: Г.Халиунаа “Харуусал” өгүүллэг: Манай энд нэг залуухан хос байдаг юм. Хүү нь зуурдаар өнгөрсөн. Түүнээс хойш эхнэр нь бага насны хүүхэд болгоныг хүүгээ гэж бодон, нөхрөө ч танихаа больсон. Нөхөр нь эхнэрээ эрүүл болгохын тулд их ч явсан даа. Эцэст нь эхнэрээ сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлж, асардаг болсон. Сайхан айл байсан ч гэнэт л… Тэр бүгдийг мэдэрсэн мэт сэтгэл минь өвдөж, зогсолтгүй уйлсан.

Би бичиж, эх хэлнийхээ ай савд нэгэн дуслыг нэмэрлэж байна. 

Ус урсах тусмаа тунгалагшина. Эх хэлэндээ сайхныг цутгах тусам булингар нь тунана. Тиймээс бичээд л байх хэрэгтэй. Бичих тусам үг нэг бүр, үгийн үе бүр, нөхцөл, дагавар, баймж утга нэгээрээ үнэ цэнтэй болно. Зөв газраа, оновчтой утгаа олсон үгс хэчнээн үзэсгэлэнтэй болохыг чи анзаарна. Хэл бүжигчин шиг гоёмсог хувцастай, уран яруу хөдөлгөөнтэй, өөрийн гэсэн хэмнэлтэй зүйл. Үг холбож эхэлсэн хүн үгийг хайрладаг юм. Хүний хэл сайхан. Гэхдээ чи гадаад хэлийг насаараа үзээд Шекспир шиг бичдэг болохгүй. Монгол хэлээ хичээвэл Данзанравжаа, Ринчен эрдэмтэн шиг байтугай эртний монгол хэлийг ч гаргууд сурч болно гэж би итгэдэг. Чиний тархи энэ хэлээр сэтгэж, энэ хэлний гоо сайхныг уусган авахдаа бэлэн байгаа. Гадаад хэлний нэг үгийн тогтоож авахын тулд  дунджаар хориос дээш удаа тухайн үгтэй санамсаргүй тааралдах хэрэгтэй болдог. Эх хэлнийхээ нэг үгийг сурахад тийм олон давтамж хэрэг болохгүй л болов уу? 

Холбогдох жишээ: З.Дэлгэрмаа “Монголын радио ярьж байна Улаанбаатарт 7-н цаг” өгүүллэг: Хачирхалтай нь надад энэ өдрийн өглөөнөөс хойших бусад бүх өглөө, булаалаа гэх шиг хачин хүнд санагдах болов. Уг нь ч өөртөө сэрүүлэг тавьж сурч байгаа ч харамсалтай нь би түүнийг хамгийн ихээр үзэн яддаг.  

 

Будда хүн бүхнийг гэгээрч чадна гэсэн. Тэгэхээр хүн бүхэн сайн зохиолч болох боломжтой. 

Яагаад хүн бүр гэгээрч, бурхны адил болох боломжтой гэж үзсэн хэрэг вэ? Хүн дотоод нөөц бололцоогоо тааварлаж чаддаггүй. Мэдэхгүйдээ өөрийгөө үргэлж няцааж амьдардаг. Тийм хүлээсээ тайлж хаясан хүн зогсохоо үл ажирна. Миний хувьд авьяас бол зогсолтгүй чанар. Өөрийгөө мохоовч авьяас өргөс шиг, хүнийг мөнхөд дотроос нь хатгаж байдаг. Чи хатгуулсан учраас бичсэн байгаа. Бичихээ больё гэвч хатгах л болно. Тэгэхээр сайн зохиолч болохын өмнө шоовдор нэгэн, чадваргүй бичээч байхаасаа хэзээ ч айх хэрэггүй. Эмээсэндээ өөрийгөө дарлаа ч өргөс хурцарч, улам өвтгөх  болохоор өөрийгөө зовоохын оронд бичээд л байгаарай. Гэхдээ эхлээд агуу ихэд биш, бүрэн бүтэн зүйлд тэмүүл. Оюутны зохиолыг уншиж суухад зөвхөн үйл явдал, “онцгой” нэг хүний дүр, зохиолын сонирхолтой орчин, эсвэл зүгээр бүтцийг нь гаргаад бусад орон зайг нь хоосон шахам үлдээсэн тохиол бишгүй байна. Зохиол бол цогц зүйл. Нүдийг нь л зурчхаад “Энэ бол хүн” гэвэл хэн итгэх вэ?

Холбогдох жишээ: Л.Хулан “Хамаргүй хатан” өгүүллэгт Жаргал гэх эмэгтэйн дүрийг боломжийн урласан боловч хөрөг маягийн дүрслэлээс нэг их хэтэрсэнгүй, тэгсгээд л дуусчхав. 

Хэзээ хаана л айлын ачаа хөсөг үзэгдэнэ тэр зүг рүү нөгөө л цагаан данхтай цайгаа цоргыг нь бөглөж нэг гартаа бариад, нөгөө гартаа боорцог ааруулаа тавагтайг нь баадагнаж бариад ганц хоёр аягыг хүүдээ бариулаад л эв хавгүй алхчихна. Хүмүүс тэр гэрэлтэй сэтгэлийг мэдэхээс илүү шоолж тохуурхах нь элбэг. Шоолж тохуурхлаа гээд гомдож туних ч үгүй марсайтал инээдэг гэрэлтэй нэгэн хэвээрээ…

 

Мөн Т.Бадамхоролын “Чи далай” өгүүллэг нь мэдрэмжээ илэрхийлэн бичсэн шүлэг ч гэмээр, онцын  үйл явдалгүй бичвэр байлаа. 

Чи яг далай шиг, 

Гүн гүнзгий нууцлаг хүн. 

Тээр дор юу байгааг орж үзэхээс нааш хэн ч мэдэхгүй, 

Мэдэхийн тулд шумбах хэрэгтэй… 

Гэхдээ нэг л хөл алдвал би үхнэ. . .

Би яагаад энэ түүхийг ярих ёстой гэж? Зөвхөн миний л хүүрнэж чадах түүх мөн гэж үү? 

Таарахгүй даашинзаа чихээд өмсчихсөн мэт түүхүүд, зуун километрийн цаана өрнөж байгаа явдлыг ойрын тусгалтай дурангаар харж бичсэн түүхүүд. Цаасны гарз, зовлонтой сургамж л төдий түүх гэж бий. Тиймээс үнэхээр доторлодог болтлоо судлахаас аргагүй. Товчхондоо зохиолын судалгаа хэрэгтэй юм. Уншигч чинь явцын дундаа чамайг үнэхээр тийм амьдралыг, тийм хүмүүсийг, уг нөхцөл байдлыг ойлгодог гэдэгт эргэлзээд эхэлбэл хойшдоо юу ч гэж бураад нэмэргүй л шүү дээ. 

Зүгээр л хүүрнэ.

Хүүрнэл зохиолыг хүүрнэн өгүүлэх учиртай гэх тов тодорхой ганцхан дүрэм байна. Орчны дүрслэл, дүрийн гадаад төрх, дотоод сэтгэлийн өнгө аяс, үйл хөдлөл, тэдний гаргаж байгаа шийдвэр гээд юм бүхнийг уран сайхны дүрслэл ашиглан хүүрнэх л учиртай. Тэгж гэмээ нь  хүүрнэл зохиол бүтнэ. Жүжгийн зохиол, кино зохиол л харилцан яриаг түлхүү ашигладаг биш үү? 

Холбогдох жишээ: Б.Номин “Тэмээ” өгүүллэг: 

– Байна уу? 

– Байна аа. 

– Хөгшөөн, нэг юм асууя. 

– Юу? гэхэд тэр 

– Надаар хэсэг хийлгэчихээр ажил байна уу? Таньдаг мэддэг хүнээсээ асуугаад аргалчхаач. Наана чинь бол байгаа даа гэв. 

Ээдэрсэн, энд тэнд хуваагдсан бодлууд үл цэгцэрч, учраа ололгүй хэдэн хором байзнаад ханан дээрх зургийг харж тогтсоныхоо дараа 

– За тэгье дээ. Маргааш нөгөөдрөөс хүрээд ир гэхэд, Хүлэгээ 

– За за яваад очъё хэмээв. 

– За гэхтэй минь зэрэгцэн утас тасрав. Өнөө тэмээ алсын бараа ширтэн зогссоор байлаа.

Эргээд уулзахын ерөөл 

“Давлагаа” богино өгүүллэгийн наадмыг их дээд сургуулийн оюутнуудын дунд хорин найм дахь жилдээ зохион байгуулсан юм. Хорин найман жилийн хугацаанд авьяастнуудыг зуучилсан тэмцээн. 

МУИС-СУИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд СУИС-ийн Театрын Урлагийн Сургуулийн оюутнууд үеийн залуусынхаа бичсэн шүлгийг тайзан дээр уншин сонордуулж, өгүүлэх урлагийн ид хаваа сориод авдаг. Сүүлийн хоёр наадмын үеэр оюутнууд зохиолыг өгүүлэхдээ бүтээлч ажиллагаанд түлхүү анхаарч, нэг зохиолыг хамтран унших, үйл хөдлөл, харилцан яриагаар тоглох, бэлгэдэл, тайзны жижиг хэрэглэлээр зохиолын санааг үзэгчдэд “үзүүлэх” тал дээр анхаарах болжээ. 

Сэтгэлийн ганцаардалдаа тушигдан амьгүй сандлаар хань хийж буй баатрын тухай өгүүлэх Н.Шаравжамцын “Харуй” өгүүллэгийг хүүрнэсэн оюутнууд тайзны орон зайг бүрэн дүүргэж, гол дүр (С.Содбал) болон сандлын дүрийг төлөөлөх гурван хүүрнэгч гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй уншиж сонордууллаа. Тэр дундаа сандлын дүрд тоглож байгаа оюутнууд гол дүрийн баатраасаа илүү өндөрт зогсож, хашиж, түүнийг гарцгүй болгож, өөрийн орь ганц хань нөхөр сандлаасаа өчүүхэн болсон Харуйгийн байр байдлыг тодотгох ажээ.  

Өгүүлэгчийн төрөлд тэргүүн байр эзэлсэн Жүжиглэх урлагийн 3Б ангийн Мөнхшүр,  Сэвжидмаа нар, шагналт байруудад шалгарсан бусад бүтээл ч мөн зохиолынхоо адилтгал, гол санааг жижиг хэрэгслээр тодотгож, хамтран уншсан юм. Ийм бүтээлч ажлаар уншлагын театрын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа оюутнуудад зохион байгуулагчдын зүгээс талархалтай хандаж байв. 

Шагнал гардуулах мөчийг догдлон хүлээх оюутнууд “Миний уншсан зохиолыг бичсэн оюутан аль вэ?” гэж нэгнээ эрэн уулзах тэр мөч бол үнэндээ энэхүү тэмцээний хамгийн том шагнал билээ. Өөр шигээ хүсэл зорилготой нэгний гараас бишүүрхэнгүй атгах. Хамтдаа инээмсэглэх, ичиж  зовохын хооронд хөгтэй царайлан зургаа татуулах. Ажлын талбарт, илүү том тайзан дээр тааралдаж, хамтран ажиллаж, уран бүтээлийн нөхөд болох завшаан хэзээ нэгэн өдөр тохиовоос хорин найман жилийн өмнө энэ тэмцээнийг санаачилсан МУИС-ийн профессор Б.Хишигсүх, МУГЖ Чаминчулуун нар, тэдний санааг үеийн үед хамтран хэрэгжүүлсэн хэн бүхний сэтгэл, зүтгэлийн үр шим гарах буй за. Тиймээс:

“Үргэлж биднийг учруулдаг үгийн урлаг мандтугай”.

Ө.Сумъяа

2024 оны 5-р сар.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]