“Архи бол идээний дээж” гэж өргөмжлөөд тагш тагшаар хүртэвч бие махбод түүнийг нь “хор” гэж үзээд маргааш нь “эгдүүцэж, эсэргүүцэхийг” шарталт гэдэг ээ. Түүний адил тайзан дээр яруу найргийн тэнгэр гэж цамнах тусам үзэгчид нь “шартдаг” наадам бас бий. Жил жилийн шарталт улам хүндэрсээр, удахгүй элэг зүрх даахаа болих нь шив дээ.
Усны гудамж сайт “Болор цом-42” яруу найргийн наадмыг Монголын уран зохиолын нэгэн сайхан уламжлал гэж хүндэтгэн үзсэн билээ. Хүндэлдгийн хувьд мөн хэдэн талаас нь тунгаан үзэхээр шийдэв. Юу л болоод байна даа?
Усны гудамж сайтын таван нийтлэлчийн Болор цом наадмын тухай таван өөр өнцгийг хүлээн авна уу.
Ө.Сумъяа: Эх орны дууч шувууд
Петербург минь, одоо би үхмээргүй болчихлоо…
Яруу найрагч Д.Пүрэвдорж “Хүн төрөлхтөнд хүргэх үг” шүлгээрээ Болор цом наадмыг эхлүүлснээс хойш тус наадмын түрүү шүлгүүд ерөөс “эх оронч” үзлээр амьсгалсан билээ. Түрүү шүлэг нь өөр сэдэвтэй байлаа ч аль нэг шатандаа ёс болгож “эх орон”-оо дуудахгүй бол болохгүй. Энд буруудах юм үгүй л дээ. Эх орон шиг өргөн цар хүрээтэй, сэтгэлд ойр, мөлжүүртэй сэдэв хаа байх вэ? Даанч манай яруу найрагчид “эх орон” гэдгийг “омогшил” гэх үгнээс ялгаж ер чаддаггүй. Эх орноо үүх түүх, Чингис хаан, Их гүрэн, газар нутаг, дайн дажин, монгол хэл, хөгжмийн зэмсэг, мал сүрэг болгоод л бичээд байна. Агуулга нь юу юугүй хүнд булаалгах гэж байгаа мэт айдастай, эсвэл өнөө маргаашгүй мандуулах гэж адгасан, хүнээр бол цагаан хорхойтсон юм шиг тогтож сууж боломгүй “омголон” шүлгээр л гуядаж авдаг, авсаар ч байх цом бололтой. Ядах нь ээ шүлгүүд нь хоёр туйлтай. Нэг бол өрөвдөөд сүйд болно, эсвэл хүчтэй чадалтайг нь гайхаад унана. Гэтэл сайн найрагч шүлэг бүртээ эх орноо хүчилж биш, “эвлэгхэн шигтгэдэг”. Хамаг өвдөлтийг нь хуруугаараа тэмтэрч үзээд, хамтдаа бас эдгэх гэж оролддог.
Ингэхэд хонгорууд минь, эх орон гэж юу юм бэ?
Энүүхэнд, гарт ойр л байх ёстой доо. Эх орон гэж надтай хамт өссөн, надад олон зүйлийг нууцхан нээж өгсөн, чин үнэнээсээ намайг ойлгодог, би ч түүнийг мөнчгөрөөр нь мэдэрдэг тэр л зүйл. Хаашаа ч зугтлаа гэсэн надаас алсрахгүй, нүдний минь өнгө, инээдийн минь янз байдал шиг төрөлх, эрхтэн мэт цул бүрдэл. Даанч шүлгийг нь уншихаар “Энэ хүн надтай нэг цаг үед, нэг оронд амьдарч байгаа нь үнэн юм болов уу даа” гэж эргэлзмээр үлгэрийн баатар шиг, хуяг дуулга, хутга шөвөг агссан “яаруу” найраг олон юм. Илүү үглэх ч яах вэ, цаана чинь хүмүүс эх орныхоо талаар бичиж байна.
Эх орон гэж нэг иймэрхүү газар сан:
Өлзийтийн суурин
Дотно нандин бүхэн минь шаналгаат самуурлаар дуусаж байхад
Шөнийн гийчин болж харанхуйд чинь би ирлээ.
Нохдынхоо дуу шиг элэгсэг дотноор угт даа
Шуурган цастай нэгэн сарын Өлзийт минь.
Хулгайч нь хүртэл ийм шуургаа зүхдэггүй
Хувь заяаны чинь нэгэн шөнөөр аяны үүргэвчтэй
Хашааны нөмөрт гэмтэн мэт зогсох надаас
Халуун сэтгэл хайх мэт салхи нь исгэрэн заам ярна.
Ай тэр гэрийн минь тооноор гэрэл үзэгдээд
Алиахан ээжийн энгэрт дүү минь үнэгчлэн байгаа.
Атгасан гарт нь ч хайр шингэсэн аав минь
Амбаарынхаа дээврийг босгоод л амжжээ, ганцаараа.
Асаасан янжуурын улаан цог улалзуулан алхахыг минь
Араас дагах нохдын чинь дуу л бүхэнд илчилнэ ээ, суурин минь.
Ц.Доржсэмбэ
Эх орноо хүн ингэж үгүйлдэг сэн:
Эд эс, судас шөрмөс, нулимсанд шингэсэн танил
Эрт багын хотдоо би буцаж ирлээ.
Эргээд ирлээ, би. Бушуухан энэ Ленинградынхаа
Эргийн дэнлүүнүүдийн тосорхог агаарыг залгилъя.
Өндөгний шар, эхүүн давирхай холилдсон
Өнөөх арванхоёрдугаар сарын өдрөө танимхайран үнэрлэе.
Петербург минь! Одоо би үхмээргүй болчихлоо.
Чиний гүнд миний утасны дугаар бий.
Петербург минь! Надад бас бариад явж гэмээнэ
Нас нөгчигсдийн хоолойг сонсчих хаягууд бий.
Хоосон шатан дээр амьдаа мэдрэн зогсоход
Хонхны дуу чамархай нэвт өрөмдөх шиг;
Хар шөнийн турш эрхэм зочдоо хүлээж
Хаалганыхаа гав шиг гинжээр оролдож хононом, би.
Осип Мандельштам
Орчуулагч: Г.Аюурзана
“Дэлхийн сонгомол яруу найраг”
Эх орноосоо холдохоор ийн ганцаарддаг сан:
Харь нутгийн хээр талд
Харуусал тээн унасан цасан ширхэг би
Уулын горхинд шингэж, гол уснаа нэвчин
Уудам хөндий, нуур цөөрмийг хэрэн
Урсах алсдаа олсон зүйл минь ганцаардал байв
Хэдэн мянган бээр хөлдөж царцсан хилийн хязгаарт
Хэзээд өмнийг харуулдагч дорно
Үдээс үдэд гэрэлтэн байх алтан нарыг бодно
Хайхрамжгүй үдсэн хүүхэд насанд
Хачин зууван царайтай, инээх дуртай тэр охин
Хамаг зүрхний минь нууцыг юунд хэлж орхисныг санана.
Өнөө гэвч би харуусал тээсэн хэвээр
Өндөр хүрхрээнээ замхарч, тэнүүчлэх зам минь дуусах нь.
Өр зүрхээ тасчин шаналал дундуур туучсаар
Үүрд алдсан хайрт түүнээ гэвч
Өмнө зүгээс дуудсаар л байнам.
Ши Мөрөн
Орчуулагч: А.Урантогос
“Мянган жилийн хүсэл”
С.Энхцэцэг: Болор цом гаанс биш, кассет биш
Эхлээд Болор цом ямар утга учиртай наадам юм бэ гэдгээсээ нэг их холдохгүйгээр ярилцъя. “Өвөөгийн юм байгаа юм аа” гээд баринтаглаж сүслээд, тэрүүхэндээ хүндэтгээд холоос үнэрлэн далд хийж, алсаас ширтэн ёслол төгөлдөр байлгахыг зарим хүмүүс залуусаас шаардах шиг байна. Энэ бол гаанс биш, кассет биш. Өнөөдрийн, яг одоогийн Болор цом-42 нэртэй, 2024 оны зүйл юм аа. Энэ 2024 оны зүйлийг хэн нэгэн нь өмчирхөж, миний бас бидний яаж ч хичээгээд ойлгохгүй харь хэлээр гоё сайхныг нь гөжин магтаж, өөриймсүүлж, ийм шүлэг болор цом дээр унших ёстой, ёсгүйгээр нь ангилан зааглаж, эмхлэн журамлаж, сэдэв, бүтэц агуулгаар нь туйлшруулан залчихдаг зүйл мөн үү гэвээс биш юм аа.
Угаас уран зохиолыг, тэр дундаа яруу найргийг хэн ч хэвд оруулах гээд хэзээ ч амжилтыг эс олох буй. Болор цомыг үзсэн, сонссон тунгаасан, гайхсан, бахадсан, дур гутсан олон хүний дунд үүссэн нэгэн гай гамшигт хананы тухай, тэр хананы хоёр талд яваар одогсдын тухай, аль зүгт мөрөө гаргавал зохистой тухай энд жаахан ярья уу гэсэн юм.
Энд би үзэгчдийн суудалд юу эсийг бодож суув. Болор цомын тухай хуучин бодлоо түр орхин, цоо шинээр төсөөлөх гээд үзье. Олон хүн цуглаж, 198 шүлэгчээс шигшигдэн шалгарсан 28 шүлэгчийн шилдэг бүтээлийг сонсохоор ирсэн байна. Та кино, жүжиг, тоглолт үзэхдээ, галерей орж, кофе уухдаа юу хүлээдэг вэ? Тэр л бүхнээс хүртэх гоо зүй, магад түүнээс хавь илүү харьцуулшгүй яруу найргийн өндөр дээд сайхныг мэдрэхээр зорьж ирнэ буй. Лав амьдарч буй газрынхаа “урлагийг хүртэх” хамгийн том арга хэмжээнд хүрэлцэн ирсэн баймааж. Шүлэгчид шүлгээ уншиж эхлэх хүртэл бүх зүйл ном ёсны дагуу. Улсын Филармонийн их танхимд, хувцсаа өлгүүлж аваад суудлаа эзэллээ. Ингээд шүлэг дуудагдаж эхлэв… Гол ус, Хүннүгийн их хаад, уртын дууны шуранхай, шүүдэртэй намар, шүлэгтэйхэн намар гоёхон намар, хачин ихээр уурлахдаа аягаа хагалж гараа хүртэл зүссэн чи минь, элсэн дээрх хөх яргуй, дөрвөн улиралтай ухаан санаа өөдөө хийморьтой энэ улс өнгөтэй явах учиртай, цусаа үзээд араатан мэт архирах, уйлан халаглах хааны дуун гэх мэт уран тансгийн дээд биш, сэтгэлгээ бясалгалын ч гүн биш магтаал, тоочил зонхилсон мөртүүд явж эхэлнэ. Өнөө хүлээлт маань энэ бүхний ард ганцхан сайхан мөр сонсох сон гэсэн горьдлого болж хувирна. Энэ дундаас ганц мөр, ганц мөр л гарч ирээсэй. Бүхэл цогцоороо яруу сайхан, бүтэн, гүн, үнэн тийм зүйл хаана байгаа бол? Хаанаас олох бол? Шүлэг биш үү? Шүлэг дүүрэн Болор цом биш үү?
Гэхдээ Болор цомд халгиж явсан, шуугиулж явсан үе бий. Одоо үеийн эд биш л болохоос нүүдэлчин малчин ахуйн амьд дүрслэлүүд, хайр дурлал янаг сэтгэлийн тухай бэлгэ танхай мөртүүд эхэн үеийн болор цом наадмын шимтэй, амттай, халуун сэдвүүд мөн байсан.
80, 90 оны салахын аргагүй сайхан арга барил 40 жилийн дараа элэгдэлд орж, ханзран цоорч, ядах нь аа дорвитой ч биш, тэр үеийн явцуу, олиггүй дуурайлт болон үлдэж. Нацагдоржийн Миний нутаг шүлгийн бадаг ая хэмнэлд үг орлуулан тавьсан мэт хоёр ч шүлэг уншигдан өнгөрлөө.
Ямар нэг зүйлийг хэдэн талаас нь магтах, бахдах догь донж нь одоо цагийнх нэг л биш, эрин зууны өмнөх. Одоо яаж бахдах билээ? Одоо яаж магтах билээ? Болохгүй биш болно оо. Харин яаж? Танигдахын аргагүй явцууран элэгдсэн эртний гоо сайхан, одоо цаг хугацаанд нэгэнт ажиллахаасаа өнгөрчээ. Хананы наана цаана гацсан мэт сайхныг таних баримжаа нь хэт өөр болсон хүмүүсээр танхим дүүрэн. Нэг цаг үед, нэг л тайз ширтэн буй гэхэд… Хажууд сууж байсан насаараа монгол хэлний багш хийсэн гэх эмэгтэйтэй аль ч шүлгийн тухай ярилцаад ам нийлж чадсангүй.
Залуу учраас юм уншаагүй учраас ойлгохгүй байна гэх. Болор цомын тайзан дээр хэзээ ч ийм зүйл уншихгүй л гэх. Сэтгэл хөглөсөн ганц мөрийг минь юу ч биш, хэн ч биш гэх. Шүлэг гэдэг халуун дулаан сэдвийн тухай ийм яриа өрнөдөг бил үү?
Нэг л биш. Гоё сайхны тухай хэл нэвтрэлцэхгүй гайхаж суугаа маань цаг улиран одсон бүхэнтэйгээ зууралдсаар ужгирч яваагийнх нь. Энэ удаа тэд яллаа.
Бидний яагаад ч ойлгохгүй гоо сайхныг задлан тайлбарласаар, гөжин тунхагласаар байна.
Харин эндээс би өөр зүйлийн тухай бодсоор буцав. Болор цомоос амьд хөгжмийн тоглолтоос гарч ирж байгаа юм шиг догдлон хөглөгдөж, “үгийн ур”-д, дүрслэлийн шидэд, ерөөсөө шүлэгт мансуураад гарч ирэх сэн. Болор цомын тайзан дээр уншигдаж буй шүлгүүд, дийлэнх сэдвүүд хорин хэдэн настнуудаас даанч хол. Энэ цаг үеийн амьдрал, үйл явдал, эргэн тойрны бүх зүйл мэдрэмж, энэ хотын амьдрал, одоо цагийн бидний эмзэглэл юу байгаа вэ гэдгийг дүрсэлж харуулдаг цаг хугацааныхаа толь нь Болор цом байгаасай л гэж.
Сайхан дууг сонсоод хэн чиг дагаж аялж чадах шиг сайхан шүлэг сонсохыг хэн бүхэн хийж чадна. Гөжин давшлах тэдний хэлж буй шиг Болор цом тусгай хүмүүст зориулагдсан эд ерөөсөө биш ээ. Болор цом амьд хүн бүхэнд зориулагдсан гэж зарлаад тэдний эсрэг зүг мөрөө гаргасу.
С.Энхчимэг: Урлахуй бус улиглахуй
Бид “Болор цом-42” наадмын үеэр тэртээ 37 жилийн өмнө зохион байгуулагдсан “Болор цом-5” наадмын тэргүүн шүлэг буюу Ардын уран зохиолч П.Бадарчийн “Тэмээ” шүлгийн бүтэцтэй ав адилхан хэлбэрийн шүлэг сонслоо.
Шүлгээ ирүүлж буй яруу найрагчдын дунд “Болор цомд наалдацтай”, “Болор цомд унших зориулалттай” гэмээр шүлгийн хэлбэрийн тогтсон баримжаа үүсжээ.
Болор цомын үүдээр багтааж оруулахын тулд яруу найрагчид шүлгийнхээ өндөр нам өргөн бүдүүнийг хүчээр тааруулж байгаа тухай ярих хүсэл байна.
Юун түрүүнд номоос шүлэг унших, тайзнаас шүлэг сонсох хоёр ялгаатай гэдгийг анхаарууштай. Тайзнаас сонсож байгаа шүлгийг үзэгчид дундаас нь алдах магадлалтай (Хүний цэвэр анхаарлаа төвлөрүүлэх хугацаа 2000 онд 12 секунд байснаас өнөөдөр дунджаар 8.25 секунд болсон гэх Microsoft корпорацын судалгаа бий,) учраас үзэгчдийн анхаарлыг төвлөрүүлэх гээд янз бүрийн арга хэрэглэдэг болжээ. Үүний нэг нь улигласан давталт бүхий урт шүлэг бичих явдал юм. Хүнд дөрвөөс таван цагийн турш сонссон шүлгээ санах, ялгах, харьцуулах боломж бараг үгүй ураас бусдаас онцгойрохын тулд урт шүлэг бичих хэрэгцээ шүлэгчдэд тулгардаг байж болно. Тэгэхдээ утга агуулгын хувьд цогц шинж чанараа алдахгүй байж гэмээнэ “Болор цомын яруу найраг” болох билээ.
Шүлэгч шүлгээ бичихдээ нэг сэдвийг барьж аваад түүнийхээ тухай улиглан давтах хандлага бий болсныг түрүүн дурдлаа. Шүлэгт утгын хийгээд хэмнэл хэмжээний хувьд давталт ашиглах нь нэгэн төрлийн ур маяг, яруу сонсголонтой болгох арга хэдий ч ядаж л шүлгийн утга санаанд хүч нэмэхүйц давталт хэрэглээгүй нь найруулгын алдаа болжээ. Мөн шүлгийг урт болгох гэж нэмсэн мөртүүд гол утга санааг сарниулж, үнэ цэнийг бууруулж буй мэт. Сүүлийн жилүүдийн болор цомын шүлгүүдэд цөөнгүй ажиглагдаж байгаа энэ үзэгдлийг энэ удаагийн наадмаар 2 дахь шатандаа шалгарч үлдсэн яруу найрагч Д.Одгэрэлийн шүлгээр жишээлэн тайлбарлаж болно.
Түүний “Үхэл хэмээх нүүдэл” шүлэг нь:
“Үнэн худал хоёрын дэргэд үхэл зогсоход” гэж анхаарал татам эхлээд цааш үргэлжлэхдээ:
…Үнэг чоно хоёрын дэргэд нар мандахад…
…Үхэр адуу хоёрын дэргэд галт уул дэлбэрэхэд…
…Өмхий хүрэн буга хоёрын дэргэд нар мэлтэсхийхэд… гэх мэтээр сунжирлаа. Ийнхүү цаашлаад:
…Үхэл гэдэг нум сум харвах мэт хөдөлгөөн байдаг…
…Үхэл гэдэг хар гэрээс суллагдах мэт эрх чөлөө байдаг…
…Үхэл гэдэг эхлэл төгсгөлгүй эргүүлэг байдаг…гээд мөн анхаарч сонсууштай шиг байснаа
…Үхэл гэдэг үнээ тугалаа нийлүүлэх мэт мэдрэмж байдаг…
зэргээр давтан давтан улиглаж, бичвэрээ нэгэнт сүйдэлжээ.
Түүний шүлгийн утга агуулга, үг хэллэг, дүрслэлийн чансаанд ямар нэг дүгнэлт хийлгүйгээр зөвхөн бүтцийн хувьд буюу урт шүлэг бичих гэсэн оролдлого нь үзэгчдэд хэрхэн харагдаж байгааг цухас илэрхийлэхэд ийм билээ.
Хөгжил үргэлж өөрчлөлтөөр илэрдэг. Тиймээс бидэнд наанадаж ард түмний бахархал, оюун сэтгэлгээний илэрхийлэл болсон наадмынхаа шүлгүүдийн бүтцэд ч болтугай анхаарах шаардлага байна.
Ц.Төгсбаатар: Залуу үе хийгээд MЗЭ-д өргөдөл гаргах нь……
Хүний бүхий л сэтгэлгээ хийгээд сэтгэхүйд тусаж буй хорвоо ертөнц бол эцсийн дүндээ бичвэр /text/ юм -Ж.Деррида
Болор цом ямагт хэрүүл дагуулдаг гэдгийг бид бичсээр байгаа. Өөрчлөгдсөн зүйл үгүй. Өнөөх сурсан зангаараа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дохилзох нь дохилзож, донгодох нь донгодсоор л. За яах вэ болох нь боллоо, аль эсвэл болдгоороо л боллоо гэх шиг. Энд Балар цам, Балар там, Балар зам зэргээр нэр өгч, бараг л томьёолж байгаа олон бичвэр дунд хошуу нэмэрлэх гэсэнгүй. Дахин нурших хэрэг алга. Тиймээс бид шинэчлэх, шийдэх, өөрчлөх, хөгжүүлэх санал хэлж, угтаа шаардаж байгаа болно.
Нэгдүгээрт, яруу найргийн уралдаан, уран зохиолын арга хэмжээ бол зөвхөн шилдэг бүтээлийг тодруулах бус, шинэ залуу авьяастнуудыг нээх, хөгжүүлэх, урамшуулах талбар байх учиртай. Нөгөө талаас, эх орон, ээж аавын сэдвээр бичдэг шүлэг хоцрогдсон, өнөөх тэр минь орсон бол хавь илүү түрүүлнэ, би орвол авчих л юм байна гэх зэргээр эргэн тойрны анд нөхөд үг унагана. Орох чинь яасан юм гэхээр ийм юманд би орж яадаг юм, биднийг ойлгохгүй маягийн үгээр халгаагаад ойртуулахгүй. Өнөө үеийн сэдэв, өнөө үеийн эмзэглэл, зовлон, үнэн, өнөө үеийн сэтгэлгээгээр залуу үе минь л бичиж чадах юм сан. Mуулаад байгаа дээд үеийнхэндээ ойлгуулж болох юм сан.
Болор цомд дургүйгээ дуртай нь аргагүй шогшрохын оронд залуу бичээчид нь бөөндөө шүлгээ явуулаад салхийг эргүүлье гэж хэлэх байна.
Тиймийн учир залуучуудаасаа шаардаж байна.
Хоёрдугаарт, уран зохиолд судлал, шүүмжийн салбар тулгуур багана билээ. Тэр дундаас шүүмжийн салбар бол тэргүүн эгнээнд үг дугарч гэрэл гарган хөтлөх учиртай.
Болор цом залуучуудын шүлгийг дараад тэнцүүлдэггүй гэх ойлголт олны дунд байдаг. Дараад байна уу? Эсвэл үнэхээр бид “бойжоогүй” байна уу?
Mэргэжлийн судлаач, шүүмжлэгчид нь хүртэл олигтойхон үг хэлээд байгаа юм алга. Нэгэнт л энэхүү наадам хэмжүүр тогтоон шүлэг уралдуулж байгаагийнх үгийн урлагийг үгээр нь буюу бичвэрээр нь уншиж, ухаж, тайлбарлаж байж сая нэг зөв, буруу шүүлт нь ялгаран гарч ирэх бус уу? Тэгвэл өнөөх мэргэжлийнхэнд маань бичвэрээрээ олдохгүй байгаад л учир байж таарлаа.
Тиймээс,
Mонголын Зохиолчдын Эвлэл (Б.Ичинхорлоо болон удирдах албатуудад)-д хаяглан шаардлага тавих нь,
Эхний шатнаас шалгаран үлдсэн 28 хүний шүлгийг бичвэрээр нь нийтэд хүртээл болгоно уу. Үлдсэн ажлыг мэргэжлийнхэн нь шүүн тунгааж задлан тайлбарлах биз ээ. Mөн орчин үеийн утга зохиолын онолд бичвэр-уншигч хоёрын харилцааг чухалчлан үзэх буюу уншигч нь зохиолч мөн бөгөөд тухайн бүтээлийг уншин шинээр тайлах(зохиох) нь уран зохиолын уг мөн чанар болохыг дурддаг. Тэгэхээр нийт олонд өөрсдөөр нь шүүх(тайлбарлах) боломжийг гаргаж өгнө үү.
“Одоо хэтийдсэн соёлын хавханд орсон яруу найргийг өрөө тасалгааны явцуу уур амьсгалаас чөлөөлж, нийт ард түмний дунд амьдрах хүч чадал, эрч хүчийг нь түүнд эргүүлэн өгөх хэрэгтэй байна. Бид юу ч алдахгүй” Энхбаяр.С, 2021, 393х
М.Дэвээжаргал: Үнэнчээр бичихийн тулд л үзэг шүүрэхийг хүснэ
Сонсож, уншиж буй нь уйдахын ялдар, уйдашгүйг сэтгэж суухын ял дор!
Хэврэг юм… Хүний дотоод чинадад байх үнэний төлөөх итгэл үнэмшил. Жил бүрийн өдийд энэ улсын хаа нэгтээ уран зохиолд машид хайртай хэн нэгэн өөрөөсөө өөр шүлэг бичихээр үзгээ шүүрэн авч байгаа гээд бод л доо. Гэтэл өрөөлд аар саар мэт харагдаж болох ахуй амьдралын хүнд ачаа, сэтгэл зүйн өнийн тэмцэл, шударга бус мэт санагдах эрин үе, хувь заяа биднийг бүчиж байна. Түүний цаана унтрахгүйн тулд зүтгэн зүтгэн сүүмэлзэж байгаа асар бүдэг гэрэл. Тэр гэрлийн төлөө бичих нэг хэсэг, түүнийг тордон тодруулахын төлөө бичих нэг хэсэг, одоо л унтраая гэж эмзэглэн бичих нэг хэсэг ч бий.
Уламжлал, шинэчлэл төдийгүй, аливаа юмс нэгээс нөгөөд шилжих хооронд асар уудам орон зай байх юм. Энэ хүртэл зуун жилийн дайн зарласан нь ч байлаа, дуугүйхэн шинэчлэлд дөхсөн нь ч байлаа. Одоо бол яруу найргийг хэн ч шүүж чадахгүй гэж байгаа биз. Үнэндээ мэдрэмжийг л шүүж чадахгүй болохоос яруу найргийг бол шүүх нь арай өөр асуудал.
Нэхэн дурсацгаа л даа… 1990-ээд оныхны монголын уран зохиолд оруулсан үгүйршгүй, үгүйлэгдэм тэр салхийг хэн өдөөсөн юм бэ? Тухайн үед нэрт шүүмжлэгч Д.Галбаатар галыг өрдөж, найрагч О.Дашбалбар хүртэл нялхсын өвчнийг сэдрээж явсан биш үү. Энэ утгаараа яруу найргийн шинэчлэлийг ямар нэгэн наадам тодорхойлохгүй. Харин тэр наадам олны сонорт ойр байдаг бол худаг руу үсэрсэн мэлхий болсон ч хамаагүй, “Болор цом” руу үсэрч байгаа нь буруу зүйл биш шиг. Тогтоол уснаас хүртэл амьтад ундаалдаг байхад тогтсон дэгтэй мэт “Болор цом”-ын тайзан дээр яагаад бүтээн туурвигч өөрийнхөөрөө оршиж болохгүй гэж?
Өдгөө “Болор цом”-ыг архины даруулга, амны зугаа шиг л ярих нь олширлоо.
Юуны өмнө эл бүхэнд эх орноос эхлэх “уйдашгүй сэдэв”-үүд өртөн золгүйтэж, баялаг монгол хэл балартан унаж байгааг халаглан дурдууштай. Түүний цаана яруу найргийн үнэлэмж, яруу найраг гэж амандаа бувтнасан сулхан дуутай хэдэн хүн улдаж гүйцэх нь хэвийн л зүйл болж.
Хүн, хүний шүлгийн агуулгыг ядран доройттол гувшсан, хэлийг ашиглаж чадалгүй үүднийх нь шалбаагт тогтсон нимгэн мөсийг цөмлөж живсэн, боловсорч гүйцээгүй шүлгүүдэд “оны шилдэг” гэх титэм дэндүү гоёдож байна. Зүгээр л шинэ бүхнийг нартад ирсэн үрээ өлгийдөх шиг угтан авах хэрэгтэй сэн.
Одоо энэ жилийн “Болор цом”-ын тэргүүн шүлгийг задлан шинжлэхийг зорьж, монголын ард түмний дунд алдар нь түгсэн наадмын замнал хааш одсоныг олцгооё. Тэргүүн цомыг Д.Нацагдоржийн шагналт А.Лхагва “Морин хуурын хэл” шүлгээрээ хүртсэн билээ.
“Сэтгэлээс үүссэн салхинд
Хээрийн салхи хөлчүүрнэ
Тэнгэрээс үүдсэн аялгуунд
Уулсын сэтгэл халууцна
Морин хуурын эгшиглэн
Ийм эртний хэл
Монгол газар үүссэн
Эх сайхан хэл” Тодорхойлно, тодорхойлно гэхэд хэт явцуу, уншигчдад хөл тавих зай ч өгөхгүйгээр хамгийг дээд заяанд даатгажээ. Ийм эртний хэл гэх мөртөө тийм эртний гэж үнэмших ганц ч сэжим өгсөнгүй. “Сэтгэлээс үүссэн салхинд хээрийн салхи хөлчүүрэх, уулс халууцах”-ыг арайхийн морин хуурын үүслийн домогт тохох уу, даанч болохгүй нь. Салхийг хүншүүлэн согтоож, мансууруулсны төлөө “оны шилдэг шүлэг” хэмээгдэх хувь тохиогоогүй нь лавтай. Харин хуур татаж суугаа найрагчийн дүр зургийг энэ шүлгээс харж байна гэж төсөөлсөн нь хавь илүү утга санаа болж мэдэх л хэрэг.
“Энэ хэлийг анирдсан хүн
Эрэмшин омогшино
Эх хэлийг сонордсон хүн
Элэг нь дэвтэж уярна” гэх буюу. Энэ дөрөвхөн мөрөөс монгол хэлний найруулга зүй, үгийн баялаг нь харагдаад ирнэ. Угаас анирдах, сонордох гэдэг нь ижил утгатай үгс шүү дээ. Эрэмших, омогших ч ялгаагүй. Морин хуурын аялгууг сонссон хүн болгоны элэг дэвтэхийн шалтгааныг энэ шүлгээс эрээд эрээд олсонгүй.
“Тэнгэрийг
Тэр өндрийг
Туг гэрэгээрээ өргөж
Туйлсан их суу залиар
Сүлд хийморьтой болгосныг
Тэнгэрийн үгээр хүүрнэнэ…” Толгой, сүүл холбох, айзам хэмнэлийг тааруулсан нь хаа нэг харагдахыг нь бодож, бадаглал зүйн аргаар шинжилье гэсэн ч боломж алга. Дахин дахин тааралдах найруулга зүйн асар алдаан дунд үг бүр нь живжээ. Угаас өндөрт оршигч зүйлсийг өөр, өөрөөр хэлж сунган татсан нь нурших маягтай. Тухайлбал, суу заль нь “туйлсан”, туйлаагүй дангаараа л агуу ихийн хэмжээг заачихна.
“Талыг
Талбиун уудмыг
Тэнгис далайг цалгиаж
Тивийг сэрээсэн нүүдлээр
Тэнүүн уудам болгосныг
Талын хэлээр шуранхайлна
Морин хуурын хэл
Монгол тэнгэрийн хэл
Монгол газрын хэл ээ.
Унаж сөхөрсөн үед
Уруудаж бүдэрсэн цагт
Морин хуурын үүрсээн
Монгол хүнийг сэрээсэн
Морьтой гэдгийг нь сануулсан” ийнхүү тоочиж, тодорхойлж явсаар бахархан бахадсан шүлэгчийн нэгэн хэвийн мэдрэмж, эвлүүлж зүйсэн үгсийн цуглуулгад нэрвэгдэн балрах тал руугаа хандсан байна.
“Халирч зэлэрсэн үед
Хавтайж бөхийсөн цагт
Морин хуурын төвөргөөн
Монгол хүнийг сэхээсэн
Мордоод давхихыг харуулсан
Сүлд хийморийг сэрээж
Сүгнийтэл тэнгэрийн дээр гаргаж
Элэр аялгуу нь наранд хүргэж
Эртний өвгөдтэй уулзуулж
Хөөрөг зөрүүлэн хуучлуулж
Хөх толбыг минь тодруулж өгдөг
Морин хуурын хэл
Монгол хүмүүний хэл ээ
Бадран омогшихын бал
Бахархан гэрэлтэхийн гал
Морьтон монголын хөл
Монголыг асаасан хэл
Энэ хэлээр биднийг
Эх дэлхий танина
Энэ хэлээрээ бид
Элэн галавтай ч ярилцана
Морин хуурын хэлээрээ
Монгол язгуурын хэлээрээ
Дээд сансрыг ч уяраана
Дэлхийг дахин дагуулна аа” Энэ хүртэл уншихад ихээхэн тэвчээр шаардсан гэвэл үнэн нь тэр. Уран зохиолд үүрэг хариуцлага хүлээлгэж, морин хуурыг зовоосон “Болор цом”-ын тэргүүн шүлэг байлаа. Ерөнхийлөгчийн зарлигтай морин хуурыг тойрон гороолсон учир түрүүлэх нь жам ёсны зүйл гээд шүүгчид нь хэлчихсэн бол гайхах ч хэрэггүй болох сон. Омог нь багтаж ядсан хэний ч хэлэх үг XXI зуунд шилдэг шүлгийн шагналыг хүртэж байгаа нь асар даажинтай санагдахыг дурдсан нь зүй болов уу. Энэ шүлэгт бахархлыг сэрээж, “сэртхийлгэм” үнэн байгаагүйд сэтгэл гонсойсон билээ. Чухамдаа морин хуурын тухай яруу найргийг Мишигийн Цэдэндорж “биччихсэн”. Тэрхүү шүлэгт;
“…Хорвоо гэдэг өргөн
Хотол гэдэг олон
Холбож яаж дуулахаараа
Хоёрхон чавхдасанд багтаана вэ…” гэжээ.
Ганц сайхан мөр олж уншихын төлөөнөө эрэлд хатаж, ганц сайхан мөр олж уншсандаа туйлын баярт автах эрин үеийн салхийг хүн бүрд ерөөе.
Leave a Reply