
САНАХГҮЙ БАЙНА ГЭХДЭЭ САЙХАН БАЙНА. Энэхүү өгүүллэгийн түүвэр нь төвөгтэй цаг үед төөрөлдсөн, замаа олох гэсэн, гэхдээ олж чадаагүй хүний, түүнтэй нэгэн цаг үеийг туулсан хүмүүсийн, бид бүгдийн ч дуу хоолой юм. Батхүүгийн Батзаяа зохиолчийн эл түүврээс бид “Зургадугаар араа” өгүүллэгийг уншигчдадаа хүргэж байна.
ЗУРГАДУГААР АРАА
Нарийн учрыг нь хэлмээргүй байгаа ч эл явдлыг элдэв нэмэлт хачиргүйгээр бусдад ярихдаа тулбал эхнэр минь надаас хавьгүй дээр хүүрнэх болов уу. Халуухан тэврэлтээс хүйтэн хөндий түлхэлт хүртэл, гуйж царайчилсан үнсэлтүүдээс хараалын үгс халин урсгасан хэрүүл тэмцэл хүртэл, тачигнасан томоо инээдээс гомдол дүүрэн асгарах нулимс хүртэл хорь шахам жил хамт байсан хүмүүс юун түрүүнд нэгнийгээ хэрхэн эвгүй байдалд оруулахаа гаргууд сайн мэддэг болчихдог юм билээ. Тэгэхээр шүдний эмч бүсгүйд сэтгэл алдарсан богинохон дурлалын түүх маань яаж эхэлсэн, хэрхэн төгссөн тухай хамгийн сайн ярьж чадах хүн нь үнэндээ би биш байж ч мэднэ.
Тэр явдлаас хойш надад дурлал гээч зүйл шүдний өвчинтэй тун ч төстэй санагдах болсон билээ. Хоромхон зуур ч болох нь ээ амар заяа өгөлгүй байнга янгинаж, зогсолтгүй лугшиж чинэрэн зовоохыг нь үнэхээр юу ч сатааруулж эс дөнгөнө шүү дээ. Өчүүхэн төдий нэмэр болохгүй ч гэлээ нааш цааш холхингоо “Ёо шүд” хэмээн гонгинон шанаа түүшээ халуун гараараа өөрийн эрхгүй дарж нухчих тоолон зовуурь нь улам бүр нэмэгдэн гагц өөртөө шаналах хэн нэгнийг та дотроо төсөөлөх гээд үзээрэй. Өвдөлтөөс зайлсхийх гэж оролдох нь хэн нэгэнд татагдаж буйгаа үгүйсгэхтэй ижил – эцэстээ чи хүлээн зөвшөөрч л таарна.
Хэн болохыг нь гүйцэт таниагүй хүнээ хайрлах гэж шатан тэмүүлэх зуураа нэрийг нь амандаа байн байн үсэглэн үглэж мөрөөдөл төсөөллийнхөө шидэд өдөр бүр илбэдүүлэн сэтгэлээ дурлал гээч цүнхээлийн улам гүн ёроол руу нь живүүлэн зовоож асан үеэ дүрслэн харуулах аваас танд тийм л төвөгтэй, тээр зовлонтой нэгэн харагдах биз ээ. Нэгэнт өвдсөн хүнд сайхан үг хэлээд нэмэр болох биш. Амттай хоол хош байгаад ч хоолой давахгүй, ая тух нь хаашаа ч юм үргэн оддог шүү дээ. Сэтгэл санаа нь үргэлжид нэг л чигт түгшин чимээлж бүхий л өвдөлт, эдгэрэл нь ямагт тэр зүгээс л түгнэ гэдэг шүд өвдөхтэй яах аргагүй адилхан гэм.
Ингээд бодохоор эхнэрт маань заримдаа зовлонт өвчнөөс нөхрөө аварч гарсан өөр нэг төрлийн шүдний эмч болсон шиг мэдрэгддэг, тэгээд л эл явдлыг бусдад ярих дуртай байдаг ч байж мэднэ. Түүний гоо сайхны ширээний нүдэнд өнөөх түүхээ ярих бүрдээ гаргаж ирдэг зургадугаар арааны маань ёзоор хэсгийн үрэвслийг харуулсан бяцхан рентген зураг, харин миний аманд нэгэн цагт үрэвсэн өвчилж асан хөх туяа татаатай өнөөх араа одоо болтол байсаар л.
Эхэндээ би байдаг л нэг инээдтэй түүх сонсож байгаа аятай хандаж эхнэрийнхээ ярихыг нэг их ойшоож тоодоггүй, тэрүүхэндээ эвлэрсэн болж толгой дохиод өнгөрөөдөг байсан ч сүүлдээ тэр эмэгтэйд үнэхээр унан тусан дурлаад хорхойтож үрэвссэн шүднээсээ биш сэтгэл зүрхийг минь тарчилгаж явсан далд зовлонгоосоо салсан хүн шигээр өөрийгөө мэдрэх болсон сон. Яг үнэндээ тэр үед надад ямар мэдрэмж илүүтэй төрснийг ингээд ганцхан өгүүлбэрт багтаагаад яг таг хэлчхэж чадашгүй нь. Хүн итгэхийг хүссэн зүйлдээ л бат нот итгэчихдэг мөртөө хэлэхийг хүсээгүй зүйлээ хэлж, бичнэ хэмээн бодож ч яваагүйгээ биччихсэн суудаг. Үүнийг хожим хэн хэн нь уншиж мэдэх учир эхнэртээ, эсвэл шүдний эмч бүсгүйн чухам хэнд нь хандаж бичих ёстойгоо ч сайн мэдэхгүй юм. Тэгэхээр ингэе, ер нь би түүнд тэгтлээ дурлаад сүйд болсон зүйлгүй, тэгтлээ дурлана ч гэж таамаглаагүй байсан юм.
Би гэж хүн ихэнхдээ шөнө оройгоор суудаг бичгийн ажилтай. Хийж буй зүйлдээ хэтэрхий автахаараа тэр чигтээ суугаад маргаашаа мартаж орхидог муу зантай. Ер нь бүгдийг нь мартана даа. Маргааш төлөвлөсөн ажил, хэн нэгэнд “яг маргааш” гэж хэдэнтээ амласнаа ч юм уу, шүдээ сайтар угаагаад хөнжилдөө орох ёстой гэдгээ ч тэр мартаж орхино. Оройд шүдээ сэнгэнэтэл угааж, бусад хүн шиг өглөө зургаан цагт сэрүүлэг тавиад янцаглалгүй босож, тогтсон цагт орондоо ороод даавууны өөдөс цуглуулж хийсэн дэрээ дэрлэж унтах тийм агуу дадал, сахилга бат надад байсангүй. Дуртай үедээ бичгийнхээ ширээнд сууж, дуртай үедээ л унтахаар хэвтдэг байв. Тийм ч учраас зааны хатгамалтай шар даавуун дэр маань эхнэр хүүхдүүдийн дэрлэж унтдаг бусад дэрнээс илүү хөвсгөр зөөлөн, эдэлгээ багатай шинэхэн хэвээрээ байдаг байхаа даа. Тэдэнтэй адилхан эртхэн шиг сэрэхийн хэцүү нь юу гэхлээр эрт унтаж амарсан хүмүүсээс хоёр дахин зүдүүртэй, хамаагүй их тэвчээр хатуужил гаргах дээрээ тулна шүү дээ. Хоёр дахин хүчилж байж унтаа сэрүүний голоор гуйван босохоос өдөр эхэлнэ. Дараа нь шүдээ оройныхтой нь хамт хоёр удаа угаах хэрэгтэй болно. Хэрэв тэгдэг байсан бол шүд маань өвдөө ч үү. Би зарим үед шүдээ угаалгүй хэд хоночихдог байсан нь үнэн. Харин сахлаа бол яаж ч байсан долоо хоногтоо нэг хусаад байна. Дөнгөж цухуйсан сахал намайг эр хүн шиг харагдахад туслаад зогсохгүй гял цал царайлж хээнцэрлэх гэж ядаагүйг маань илтгэдэг ухаантай. Тиймээс өдөр бүр хусдаггүй юм. Эхнэр хүүхдүүд маань нүүр гараа угаахдаа шингэн саван, эс бөгөөс хөөс хэрэглэдэг байхад би л ганцаараа хатуу савангаар үрж нидэрч байж сая нэг угаасан болно. Чухам нэг өглөө (тэр үед бичиг цаасны ажлаас хол байсан юм) яг тэр ёсоороо нүүрээ байдгаараа савандаж зогсохдоо хацар дээр минь юу ч юм товойчихсон байгааг анзаарлаа. Турж эцсэн нэгний хурууны үе шиг, ясархаг зүйл түүш шанаа хавьцаа тэмтрэгддэг байгаа.
Би хэрийн юмыг тоогоод байдаг хүн биш л дээ. Батга гарч л байдаг, тэгж тэгж нэг харахад алга болчихсон байна. Сахал үсээ хусаж байгаад нүүр амаа эсгэж орхино. Энд тэнд яр шарх гарвал нь шүлсээ түрхсэн болоод л мартаж орхидог хээгүй амьтан. Тийм болохоор эхэндээ тэрхүү ёрдгор зүйлийг нэг их тоосонгүй. Гэхдээ байна аа, гарт чинь өргөс шигчихвэл, хумс чинь сэтрээд хугарчихвал, үгүй байг гэх нь ээ тагнайгаа түлчихвэл, уруул дээр чинь хомхой гарчихвал үе үе хүрч үзмээр болдог доо. Тийм хачин балай юмс, бага зэргийн хөндүүр, ёрын өчүүхэн өвдөлтүүд хүнийг аятайхан эмэгтэй шиг татаад суулгадаггүй гэвэл та надтай санал нийлэх үү? Яг тийм мэдрэмж төрөөд болдоггүй. Хурууныхаа өндгөөр хүчтэйхэн дараад үзтэл шүдний уг руу ян хийж, аль нэг ёзоор нь урвуугаа харчхаад хацар руу хатгаж байх шиг учиргүй өвдөн нүдний аяганд нулимс дүүрээд ирдэг байна шүү.
Хорь хоногийн дараа би дөч хүрэх гэж байсан юм. Хоёр хоногийн дараа нэг тоглолт шуу юманд оролцох болчхоод байсан үе. Гэхдээ л яах аргагүй муу ёдор чинь зовоогоод тун болохгүй болохоор нь хүүгээ сургуульд нь хүргэчхээд Чингисийн өргөн чөлөөнд байх нэгэн шүдний эмнэлэг рүү орлоо. Эмч нь гэж саяхан анагаахын сургууль төгссөн болов уу гэмээр хөөрхөн охин байна.
“Танд ямар зовуурь байна” гэж надаас асууж байна. Энэ хавьцаа нэг юм товойгоод амар заяа үзүүлэхээ болилоо гэвэл сувилагч охин шүдний маань зургийг авч хараад зургадугаар арааны дор айхтар том үрэвсэл байгааг надад хэллээ. Үрэвсэл нэлээд том учир дор хаяж долоон удаа ирж эмчлүүлэх хэрэгтэй гэнэ. Эмчилгээ хийлгэж байх үедээ алкохолын төрлийн зүйл хэрэглэж болохгүйг ч сануулж байна. Манай гэр Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд. Гэтэл тэндээс энэ хүртэл түгжрэн барин долоо удаа ирнэ гэдэг бэрхтэй. Басхүү хоёр хоногийн дараа амьд хөгжим яруу найраг хосолсон тоглолтод оролцох ёстой учир би шүдээ эмчлүүлэх ажлыг хоёр гурав хоног хойшлуулсан нь дээр гэж шийдсэн юм. Тэгж байснаас гэрийнхээ ойрхон өөр эмнэлэг олж үзүүлье ч гэж бодсон хэрэг.
Хоёр хоногийн дараа тоглолт ч сайхан болж орой нь ёстой бут авлаа. Дор хаяж 14 хоног архи дарс уухгүй болсон хүн чинь овоо ч доргиод авлаа. Тэгж тэгж гэрийнхээ ойрхон өөр нэг эмнэлэг олж орсон юм. Тэнд нь нэг аятайхан эмч хүүхэн байж таарлаа шүү. Хэд хоног уусны дараа аятайхан хүүхэн харах ямар байдаг билээ? Тийм мэдрэмж надад төрлөө. Би түүнд гурав хоногийн өмнөх шүднийхээ зургийг үзүүлж учир байдлаа тайлбарлавал сувгийн эмчилгээ хийх хэрэгтэй гэв.
Тийм байтал эхнэр маань бусдад огт өөр түүх өгүүлнэ:
Манай хүн нэг өглөө хацраа дарчихсан, хамаг арьсаа хамар дээрээ овоолж ирээд л байдгаараа ярвайчихсан сууж байна. Яав ийв гэтэл “шүд өвдөөд, энэ хавиас нэг муу ёзоор хариугүй хацар цоолох нь ээ” гэж байна. Би ч яах вэ халуун гараар дардаггүй юм гэсгээд л өнгөрлөө. Тэгээд яасан гээч? Хэд хоног иймэрхүү байр байдалтай гиншиж явсан хүн чинь нэг өдөр жигтэйхэн цовоо цойлгон, хөнгөн шингэн болчхож. Шүдний эмнэлэгт үзүүлж байгаа юм байх аа. Ёзоорын үрэвсэл гэсэн гэнэ. Тэгсэн тэр эмнэлэгт нь нэг бүсгүй байсан болж таарлаа. Сүүлд очиж харах нь ээ сайхан алаг нүдтэй (амны хаалттай байсан учир нүдийг нь л харсан хэрэг), энгэрийн гурван товчоо түлхэн түнтийсэн том хөх, тонтгор өгзөг зузаан гуятай, ерээд оны японы носталжик чилл хөгжим шиг мэдрэмж төрүүлсэн намуухан ааш аягтай, яах вэ бас аятайхан эмэгтэй байлаа. Тэгээд мань эр нөгөө хүүхэндээ дурлаж орхижээ. Өдрийн цагаар бичгийн ширээн дээрээ л үүрэглэж харагддаг хүн чинь гэртээ тогтож суухаа ч болилоо гээд л авч өгнө шүү дээ.
Эхнэрээ ийн ярих зуур би “анх харахад үнэхээр л тийм эмэгтэй байсан шүү” хэмээн дүрслэн хэлсэнтэй нь нууцхан эвлэрнэ. Үзлэгийн орон дээр хэвтэх над руу тонгойх тоолон нь зөөлөн дулаахан хөхийг нь амтархан мэдэрч хэвтсэнээ, “ийм сайхан зөөлөн хөхөнд нь түмэн бодолд ээрэгдэн сэнсэрч гүйцсэн толгойгоо лавхан дүрчхээд хэвтэж байх сан” хэмээн бодсоноо ч хүлээн зөвшөөрнө. Үе үе ирж байя гэвэл гэртэй ойрхон, үг яриа нийлж сэтгэл эвлээд таардаг бол үнэхээр хүсэж хайгаагүй ч үгүйсгэж түлхэмгүй учрал гэж тухайн үед бодсон минь ч үнэн. Хоёр дахь удаагаа үзүүлэхээр очихдоо жимсний мухлаг тийш зориуд хазайж хэдэн ширхэг шинэхэн алим, нэг сайхан жүрж сонгож уутлуулсан маань ч үүнийг батална. Авч ирсэн жимсээ өгтөл алгаа хавсарч ирээд л яасан их баярласан гээ. Лав л тэр үед ахиад олон удаа баярлуулмаар бодогдсон юм сан. Алим жүрж өгсний дараачаас амаа ангайгаад цээжин дор нь хэвтэх нь ээ анагаах шид шингээсэн хөхөөрөө ахин дахин шүргэлэх нь албаар, арай ч өгөөмөр болсон шиг санагдаад эрүү шанаанд хүрэх нь хүртэл илж таалаад байх шиг бодогдон итгэл төрөөд ирснийг одоо нуугаад яах вэ. Хэлэх ярихгүй үгсээр хоорондоо хэчнээн ч удаа хэлэлцсэн гэх вэ.
Ингээд би иллэг үрэвслийн хосолсон эмчилгээ эхлүүлж, гэрээсээ тавхан минут алхаад орчих Coup De Gràce нэртэй шүдний эмнэлэгт гурвантаа очлоо. Үүднээс гутлын гадуур угладаг нэг удаагийн уутан улавч жийж аваад орвол эмч хүүхэн намайг хэвт гэж байна. “Долоо хоногт ядаж хоёр удаа цайныхаа цагаар, яг ийм захирангуй өнгөөр хэвт гэж тушаадаг ч болоосой” гэж би дотроо бодлоо. Ирэх бүр л элдвийн юмс бодогдоно. Ертөнцийн хамгийн сайхан нүд өмнөөс минь харж байх шиг. Томоос том тэр нүдэнд тодоос тод гуниг хургасан ч шиг. Тэр гунигийн цаана үлэмж ганцаардал буй мэт надад санагдана. Энэ хорвоо дэлхий дээр ийм сайхан нүд, энгүүн хайрлам сэтгэл, хүсэл асам бие махбод ганцаардан шаналж байдгийн учрыг олж ядан гайхна. Өө эрж хайвал жаахан эв хавгүй алхаатай энэ эмэгтэй, ийм хөөрхөн нүдээр дөрвөн хананы дунд бүлтгэнэн өдөржин хэн нэгнийг хүлээн суудаг гэхэд итгэмээргүй.
Тэр надтай үрэвсэлтэй шүдний байр байдлын тухай л ярилцах боловч нүд нь огт өөрийг хүүрнээд байх шиг. Би тэр нүдийг үнсмээр болдог байв. Тэр нүдийг инээлгэж, бас уйлуулж үзмээр болно. “Энэ сэтгэлийг эрхшээж чадвал, энэ нүд намайг харуулдан цонхоор ширтэж суувал ямар сайхан бэ” гэсэн бодол ч төрнө. Тэгээд би түүнтэй хачин эелдэг яриа өрнүүлж итгэж болохуйц дотно дулаахан үгсийг сонгон ярилцаж байя гэж шийдлээ. Гэвч би ихэнхдээ л амаа айхтар том ангайчихсан, бүсгүй аманд минь уртаа иштэй толь гударчихсан байх тул яахин хүссэнээрээ ярьж чадах билээ. “Хоёулаа иштэй толио авчхаад жаахан ярьж суух уу” гэлтэй биш дээ. Түүн дээр ирэх бүр өдөр тутмын үл анзаарагдах цухал нэгэнтээ үгүй болоод би гэж хүн нэг л аядуу тайван болчихдог боллоо. Эмэгтэй надад илтэд тахимдуу, найрсаг зөөлөн хандана. Эмч бүсгүй “За амаа ангай даа”, “Өө яг” гэнэ. Би бодолдоо “Үгүй ээ хонгор минь, чи өөрөө амны хаалтаа аваад амаа ангай л даа, би аманд чинь хэлээ хийгээд эргэлдүүлэн хөдөлгөе” гэнэ.
– Ээ зөв. Яг ингээд ангайж байгаарай. Энд одоо өвчин байна уу?
Би амаа ангайчхаад хэрхэн хариулах учраа олохгүй, дотроо бол “Янгинаж өгч байна аа хонгор минь. Гэхдээ чи дураараа дар, хүслээрээ хүр” хэмээн гэнгэнэнэ. Амаа ангайсан учир миний хэлж байгаа үг түүнд ойлгогдохгүй. Гэсэн ч тэр асууж би хариу гэнгэнэнэ. Тэр нь ч надад хааяа зүгээр санагдана. Би түүнд “Өмдийг минь тайл” гэж хүртэл хэлж үзэв. Тэр толгой дээрээс минь тонгойн юу юугүй үнсээд авах нь уу гэмээр амьсгал нь ойрхон төөнөнө. Би амаа ангайсан чигтээ “үнсвэл үнсээрэй” гэж хэлбэл тэдгээр үгс учир утгагүй гэнгэнээн болж л сонсогдоно уу гэхээс намайг барьж өгөхгүй. Би юу хүссэнээ л хэлж байлаа. Цээжнээс нь төөнөх халуун илч чамархай тушаа дүүгнэ. Булцгар зөөлөн хөх нь гавлын ясанд мэдрэгдэнэ. Би түүнийг эмчийн хувиар биш эмэгтэй хүний хувиар мэдрэх болсноо хүлээн зөвшөөрөхөөс айж байлаа.
Арав хоног өнгөрлөө. Хоёрын хоёр шүд ухаж гурван удаа эм хийсэн байтал өвдөлт нь өөдтэй арилдаггүй. Угтаа бол би гучин шүдээ түүнд тушаагаад гучин жил амраглахад бэлэн болчхоод байв. “Нэлээд том үрэвсэл байсан гэсэн аргагүй дээ” гэж өнөөхийгөө өмөөрөн бодно. Ёдор шүд нь өвдөж зовоосоор л. Харин эхнэр намайг түүнтэй уулзах гэж л ахин дахин ойр ойрхон очоод байдаг гэж хардсан шиг байгаа юм. Үнэхээр өвдөөд болдоггүй байсан юм шүү. Гэрт ирэхээр шүд өвдөөд суулгахгүй хэр нь ээ түүн дээр очихоор өвчин нь намдчихна. Бүр сүүлдээ эхнэр эмч хоёрын байрыг сольчихвол ч гэж бодох болов. Арваннэгдүгээр сарын нэгний мягмар гараг би Халловений бэлэг болгож ширээн дээр тавьчихаж болохоор бяцхан чөтгөр, хэдэн чихэртэй барин түүн дээр очлоо.
– Яасан хөөрхөн юм бэ. Нээрэн халловен гэж хэд хоног энүүгээр хэсэг бужигнасан сурагтай.
– Тэгсэн үү? Өчигдөр ирэхэд танайх хаалттай, энэ хавиар ажин түжин л байсан даа.
– Миний бие өвдөөд, өчигдөр эрт хаачихсан юм. Та нээрээ залгаж байгаад ирэхгүй.
– Чиний дугаар байдаг бол залгана шүү дээ. Би чиний дугаарыг бүр нэрийг чинь ч мэдэхгүй шүү дээ.
– Би нэрээ хэлээгүй билүү? Манай энэ хавийнхан ихэнх нь намайг таньдаг болоод байгаа шүү дээ. Би дээрх үгийг нь ихэнх эрчүүд нь гэж хүлээж авсан ч биеэ барив.
– Би анх ирдэг өдрөө л чамд нэр, нас, утасны дугаараа тэмдэглүүлсэн байтал чи байдаггүй шүү.
– Аан тэр чинь ажлын шаардлагаар заавал тэмдэглэж авах ёстой байдаг байхгүй юу. Намайг Цэнгэлмаа гэдэг, хориннайман настай.
“Зөвхөн нэрийг нь асуусан байтал насаа хэлдэг нь ямар учиртай юм бол” гэж удтал тунгаан бодлоо. Утасных нь дугаарыг ч тэмдэглээд авлаа.
– За хоёулаа хэвтэх үү?
Түүний зарим асуулт илт өдсөн янзтай. Тийм асуулт нь намайг тэс өөр төсөөлөлд умбуулах нь бий. Би түүний өдөж, янз үзсэн байрын тэдгээр асуултад ихэнхдээ л “тийм, тэгье, цэнгэе л дээ Цэнгэлмаа” гэж хариулна. Тэр өдөр бүсгүй бээлийгээ тайлаад миний эрүү түүшийг тэмтрэн удтал илбэв. Өвдөлт нь огт намдахгүй байгаа тухай хэлснээс минь болсон байх л даа. Гэхдээ л би түүний дор нүдээ анин мөрөөдөлд автан хэвтэхдээ “Тэр яагаад бээлийгээ тайлав? Арьсыг минь мэдрэх гэж ингэв үү? Арай лавшруулан төсөөлөх гэж аль нэг газрыг минь ой тойндоо бүртгэн авах гэж үү?” хэмээн өөрөөсөө шалгааж байв даа. Эсвэл бүх л тохиолдолд шүдийг гаднаас нь сайтар мэдрэх гэж хэн ч байсан ингэдэг хэрэг үү? Тэр миний хацрыг илээд л байлаа. Би дотроо “Тийм ээ хонгор минь илээд бай. Зургадугаар арааг минь илэн таал. Sixth teeth in sex meeting.” хэмээн гэнгэнэнэ.
Энэ даруухан эмэгтэй намайг илмээр санагдлаа гэхэд шуудхан илээд авч чадна гэж үү? Мэргэжлээрээ халхавчилж байгаа нь энэ юм болов уу? Ахиад хөхөөрөө толгойд минь хүрлээ гэм. Түүнд тааламжтай байдаг болохоор ингэж ахин дахин хөхөөрөө шахдаг юм болов уу? Хүрэлцэх мэдрэмж, түүнээс авах таашаал гэдэг хамгийн сайхан нь гэдэгтэй би эвлэрлээ. Тэгээд нэг боломж гармагц нь хэлээрээ уруулаа долоов. Учир нь тэр миний аманд ихэнхдээ л ямар нэг зүйл хийчихсэн байж таардаг байлаа. Удалгүй шүдний өрөм хийн дүнгэнүүлж гарлаа. Урт иштэй толь хийхээр нь түүнийг нь модон чихэр шиг хүлхэх тухай ч бодоод амжив. Том алаг нүдээрээ яг одоо дээрээс ширтэж байгааг мэдэж байсан болохоор хэлээ булталзуулан удаанаар долоогоод доод уруулаа бага зэрэг хазав. Тэр анзаарсан болов уу? Анзаарсан бол үнсэлцэх талаар бодоо болов уу?
– За хоёулаа босъё. Босоод шүлсээ тосгуур луу хаячих хэмээн тэр хэллээ.
Би босох зуураа түүний энэ үгийг толгойдоо хадгалж авлаа. Тэгээд төсөөлөлдөө өөр газар түүнээр ахин хэлүүлж хэд хэдэн янзаар сонсов:
…Бид хоёр алаг нүдтийн гэрт тэврэлдээд хэвтэж байх юм. Хөнжил доошоо гулсаад уначхаж. Хунирсан дэвсгэр даавуун дээр хөлөрсөн бие нь хэчнээн үзэсгэлэнтэй харагдана вэ. Саяхан чангарч мушгиран байсан булчин шөрмөс нь нэгэнтээ тавирч суларчээ. “За хоёулаа босъё” гэж тэр хэллээ. Би сонсоогүй аятай хэвтсээр л байв.
…Бид үзлэгийн оронд дээр янаглан эрхлэлдэж байх юм. Хаалга аа түгжчихсэн байтал хэн нэгэн үүдний хонх хангинуулна. Тэр миний дээрээс яаран буугаад “За хоёулаа босъё” гэж хэлээд тайлж тавьсан халатаа өмсөхийг нь харан би хэвтсээр л. “Бос л доо. Аягүй бол дарга ирчихсэн хонх дарж байвал яана. Хүүе наадхаа тэр тосгуур луу…”
– За хоёулаа босъё…
Би босоод саяхан бидний шалдан янаглаж хэвтсэн өрөөнд нүдээ нээвэл тэр өөдөөс нүдээрээ инээж байна. Ингээд хоёр шүдэнд дахин эм хийж түр зуурын ломбоор бөглөсний хойно бид хоёр хоногийн дараа уулзаад ахиц гарахгүй бол шүдээ авхуулахаар тохироод салцгаав.
Би хоёр хоног хүлээж тэссэнгүй. Маргааш үд дунд яваад орвол хонгор бүсгүй маань нэгэн настай эмэгтэйг үдэж таарав. “За та ямартаа ч гурав хоногийн дараа ирээд үзүүлчхээрэй за? Хамаагүй халуун юм ууж идэв ээ!” гэх зэргээр их л халамжлан захиж байх юм. Эмэгтэйчүүд өөрт таалагддаг эрийнхээ дэргэд, эсвэл сээтгэнэх үедээ хаа хамаагүй хүмүүстэй эелдэг найрсаг харьцаад эхэлдэг дээ. Шүдний дагина маань чухам л тэгж байв шүү. Тэгээд над руу хандан бага зэрэг ичингүйрсэн янзтай “Өө ашгүй, та хүрээд ирэв үү” гэв. Би энэ үгийг нь ч мөн толгойдоо хадгалаад авлаа. “За ийшээ суугаад эндээс улавч аваад углачих. Алив би өөрөө…” гэснээ юу юугүй өмнө минь бөхийн гуталд минь улавч углаж өглөө. Би толгойдоо “алив би өөрөө…” гэдэг үгийг хадгалж авалгүй яах вэ. Тэр юу ч ярьсан хоёулаа гэнэ. За хоёулаа хэвтье. За хоёулаа босъё. За хоёулаа маргааш уулзъя. За хоёулаа шүлсээ хаяя. Би түүнийг санаж сүйд болсон юмгүй. Үнэхээр шүд өвдөөд байсан тул нэг хоногийн өмнө ирсэн юм.
– Хоёулаа буруу шүд л ухчихсан юм шиг санагдаад байх боллоо. Нэлээд л ухаж төнхөж эм тариа хийлээ. Яг хэвэндээ байгаад байх юм. Өвдөөд байгаа газар нь ард байтал эмчилгээ хийгээд байгаа шүд хамаагүй наана байгаа санагдаад…
– Алив та нөгөө рентген зургаа гаргаад ир дээ. Би түүнд өдгөө эхнэрийн маань гоо сайхны ширээний нүдэнд хадгалаатай жижигхэн рентген зургаа үзүүлээд сайн харагдахгүй бол утсан дээр ч байгаа шүү гэж арга барагдсан өнгөөр хэллээ.
– Анх очсон эмнэлэг араа үрэвсэлтэй гэж байсан юм. Хараад байх нь ээ өөр шүд л…
– Та энэ хар даа. Яалт ч үгүй энэ хоёр шүд мөн л дөө. Хоёр ёзоорт нь байгаа энэ цайвар толбо чинь өнөөх айхтар үрэвсэл маань байгаа юм. Та эсвэл ахиад өнөөх газраа очоод дэлгэмэл зураг авхуулаад ирэх үү?
– Тэгэх үү? Би бараг уйлагнах шахаж байсан ч ирээдүйн амрагтаа ийм амархан муугаа үзүүлчихгүйг хичээн шүд зууна.
– Тэг. Тэгээд хоёулаа сайн харж байгаад ярилцъя. Та маргааш ирвэл амжих уу?
– Тэгье тэгье. Амжвал өнөөдөр ч байсан болж л байна. Танайх орой зургаагаас хаачихдаг билүү? Энэ нэг шүдний асуудлыг хурдхан шиг шийдэхгүй бол арай л удчихлаа. Ингэсээр бараг шүдээ авхуулах дээрээ тулах нь шиг байна.
– Та юу ч гэсэн зургаа авхуулаад над руу залгаарай. Болохгүй бол би орой хаачхаад хүлээж байя гэж тэр хэлээд дөрвөн ханан дундаа ахиад л хэн нэгнийг харуулдах мэт үлдлээ. Би Coup De Gràce эмнэлгээс гараад Чингисийн өргөн чөлөө тийш давхилаа. Шүдний өвдөлт ч, тэр бүсгүй ч намайг нэг хэсэгтээ тавьж явуулахгүй нь бололтой.
Шүд өвдөх нь гэнэт эхэлж зогсолтгүй үргэлжилдэг. Дурсамж ч мөн адил. Нэг л мэдэхэд цустай чинь цуг зүрхэнд амтагдтал лугшиж, бодол санааг чинь сандааж орхино. Шүд ихэвчлэн орой унтахын өмнө өвддөг шиг дурсамжууд ч мөн ой дуртгалын хаалгыг оройн цагаар балбана. Шүд гэдэг хүний хүч чадал, идэх, инээх, ярих гээд амьдралын идэвхийг илтгэгч гэж хэлж болохоор эрхтэн. Басхүү шүд гэдэг хүний хүч чадал, итгэл үнэмшил чимээгүйхэн үрэвсэж, жилээс жилд хуучирч хэзээ нэг өдөр булгаран унаж ч болдгийг илтгэн харуулдаг шиг байна.
Шүд халуу төөнүүлэн лугшина. Өвдөлтүүд хүнд яг ийм нозоором, халуун бүлээн мэдрэмжтэй цуг ирдэг. Хүйтэн өвдөлт тун ховор байдаг санагдана. Сүүлд нэг уулзахдаа би аавыгаа хиймэл шүдтэй болчихсоныг санамсаргүй харчихсан юм. Би аавыг хэзээ ч хиймэл шүдтэйгээр төсөөлж чадахгүй. Тэр миний хувьд үргэлж хүчирхэг, чанга хатуу эр хүний жишээ байсаар ирсэн болохоор тэр. Би хувьдаа хүн өтөлж хөгширч л байдаг гэхдээ хэзээ ч өөрчлөгддөггүй хэмээн бат нот итгэдэг байлаа. Хэнд ч ялагдашгүй, юунд ч амархан бууж өгдөггүй аав шиг хүний шүд ердөө л нэг гэрийн хуучин эдлэл аятай өөр, шинэхэн хиймэл шүдээр солигдчихсон нь гунигтай. Тэр үед аав минь амьдралынхаа нэг хэсгийг гээсэн аятай л харагдсан сан. Инээд нь хүртэл өөр болчихсон байж билээ. Хэрэв зээ энэ шүд эмчилгээ авахгүй бол хожмын нэг өдөр миний инээдэд ч бас зургадугаар араа байсан газар үүссэн гүнзгий нүхнээс улбаатай хоосон цуурай сонсогдож таарах вий. Тийм цуурайг эхнэр минь ч андахгүй л дээ.
Би өвдөж буй шүдээ тэмтрэн машиныхаа бүхээгт, замын түгжрэл дунд ганцаар элдвийг эргэцүүлэн суухдаа гэнэт аавын инээмсэглэлийг, тагнайд нь гацсан хиймэл шүдийг санадаг нь учиртай. Сувилагч охин миний зургийг харж байснаа “Энэ хэмжээний том үрэвсэл ихэвчлэн хүчтэй доргилтоос л болж үүсдэг юм. Магадгүй таны ёзоор цуурсан байхыг ч үгүйсгэхгүй. Багаар бодоход хоёроос гурван жилийн өмнө авсан доргилт байх боломжтой. Богинохон хугацаанд үрэвсэл ийм хэмжээнд хүртлээ томрохгүй” гэсэн юм. Магадгүй аав л намайг тэгж хүчтэй цохисон байх гэж би таамаглав. Тэрнээс биш сүүлийн хэдэн жил би хүнтэй муудаж зодоон цохион хийсэн нь үгүй. Тэгээд би аавын тухай бодон замын түгжрэлд удаан саатсан сан. Тэгэхэд аав бид хоёулаа нэгэн зам дээр явж байх шиг хачин мэдрэмжид эзэмдүүлсэн билээ. Аавын надад үлдээсэн ухамсар хэзээ хойно хоёр гурван жилийн дараа намайг өвтгөх шиг санагдсан нь тэр. Өвдөх үедээ л хүн мэдрэмтгий болдог гэдэгт би итгэдэг. Мэдрэмтгий болох тусам бие махбодын өвдөлт сэтгэлийн шаналал хоёрын зааг бүдгэрдэг.
Шаардлагагүй өчнөөн зүйлийг шалгаж туршсаны эцэст хос хоёрын сэтгэл бүдгэрэн сааралтаж хорин өдөр холбирон загас жараахай наадуулсан ор дэвсгэрээс өөрцгүй эмх замбараагүй эд болдог. Тиймдээ тулсан сэтгэл санаа юу руу ч урвахад бэлэн болдог шиг. Одоо эргээд бодоход эмч хүүхэн бид хоёрын харилцаа цааш удаан үргэлжилсэн бол зузаан гуяыг нь мөрөндөө тохон хурьцахаас уйдаж, тонтгор өгзгийг нь хүчлэн өргөхөөс залхаж гүйцээд эцэс сүүлд нь тормогор алаг нүдийг нь тогтож харах хүсэл төрөхөө болин больтлоо би гэдэг хүн гэр бүлийнх нь элдэв асуудлыг тэвчээртэй сонсож, найз нөхдийнх нь увайгүй зан аашийг хамтдаа жигшиж, учир утгагүй гомдлыг нь анхаарсан дүр эсгэх хэрэгтэй болох байсан нь эргэлзээгүй. Гэвч тийм юм азаар болсонгүй.
Гэтэл эхнэр маань энэ бүхнийг даанч өнгөцхөн дүгнэж тайлна: Өнөөх хүүхэн нь ам руу нь орчих шахан тонгойж байгаад салаа ёзоор нь үрэвсэж хавдсан ганц арааг нь өрөмдөхийн оронд наана нь байсан эв эрүүл хоёр шүднийх нь мэдрэлийг сугалж аваад ломбодчихсон гээд бод доо. Ямар ч хүн байсан багтартлаа уурлана биз дээ? Энэ маань зайлуул бөөн уур унтуу давхиж очоод эрүүл хоёр шүдээ нэхсэн гэж байгаа. Яг тэр үед нь өнөөх шүдний дагина нь амны хаалтгүй байж таарч л дээ. Нөгөө сайхан алаг нүднийх нь дороос эв хавгүй инээмэр аядах ам хамрыг нь хараад асах гээд цоролзож байсан агуу шохоорхол нь юу ч үгүй арилж бөхөөд үрэвсэж баалсан араа шүднийх нь өвдөж янгинах нь улам нэмэгдэх шиг болсон гэнэ лээ. Эвий дээ, эр хүний шохоорхол гэдэг ийм л барьцгүй, амархан эргэж холбирдог эд байгаа юм даа!
Ерөнхийдөө иймэрхүү юм болсон нь үнэн л дээ. Яах аргагүй эрүүл хоёр шүдний минь эрхтэн мэдрэлийг тастаж ажиллагаагүй болгоод эргүүлээд ломбодчихсон нь маргаангүй юм. Эхнэр тэр үед дэргэд байгаагүй хэр нь миний өөрт нь зориулан өөрчилж ярьсан дээр нэмж хачирлаад бах таваа хангаж байгаагаас өөр юу ч биш. Тэрнээс биш эмч хүүхэн бид хоёрын хооронд арай өөр яриа болсон юм. Би уг нь дэлгэмэл зураг авхуулах санаатай Чингисийн өргөн чөлөөнд, эхний шүдний эмнэлэгтээ ахин очсон ухаантай.
Рентгенд шүднийхээ дэлгэмэл зургийг авхуултал эмч охин “Пөөх яадаг билээ. Ээ ах минь ээ, та чинь хэн дээр оччихсон юм бэ” гэдэг байгаа. Би эхэндээ миний хамаг садар төсөөлөл, нууц дур ханалтууд өнөөх рентген аппаратад нь Цэнгэлмаатайгаа цуг цэлсхийгээд гараад ирлээ гэж бодоод багагүй самгардлаа. Арай ч техник хөгжинө хөгжинө гэхэд тийм юм хаанаас байх билээ. Тэгсэн харин “Таны эрүүл хоёр шүдийг ухчихжээ. Үрэвсэлтэй зургадугаар араа чинь яг янзандаа байж байна” хэмээн пал хийтэл хэллээ. Би гэж багтартлаа уурласан амьтан тэндээс гарсан ч замын түгжрэлд хашигдаад буцах гэсээр байтал харуй бүрий нөмөрлөө. Юмыг яаж мэдэх вэ болбол хүлээж байя гэсэн нь бодогдоод “Чи эмнэлэг дээрээ байна уу” гэсэн зурвас явууллаа. Хэрэв ажлаа тарчхаад хаалга үүдээ түгжчихсэн хүлээж байвал юу ч болоо билээ гэж бодсон хэрэг. Хамаг шүдээ сүйтгүүлчхээд бас хачин юм бодож чадаж байгаа юм шүү. Хэчнээн уур хүрч хоёр шүднийхээ хойноос харамсаж, арваад хоногийн хугацаа алдаагүй бол аль эрт энэ муу зургадугаар араагаа эмчлүүлчих байсан даа гэж цухалдсан ч бас айхтар өширхөж хараасангүй.
Өглөө болов уу үгүй юу эмнэлэг рүү нь харайлгалаа. Яваад ортол өнөөх чинь цэвэрлэгээ хийж байгаа бололтой байна. Учир байдлыг ойлгогдохоор хэллээ.
– Шал буруу шүд ухчихдаг чинь яаж байгаа юм бэ? Хэд хоног өнгөрөөд зүгээр болох нь битгий хэл даанч улам өвдөж зовуурилаад байсан юм. Би дэлгэмэл зураг авхуулаад ирлээ. Чи өөрөө хардаа. Ямар ч үрэвсэлгүй хоёрын хоёр шүдийг маань ухчихсан байна шүү дээ.
– Би уг нь яг л дарж үзэж байгаад өвчтэй шүдийг нь ухсан юм сан.
– Чи энэ зургийг нь хар л даа. Үрэвсэлтэй зургадугаар араа нь энэ байна. Чи бид хоёрын ухаад ломбодчихсон хоёр шүд нь энд байгаа байхгүй юу. Би чамд арай цаана өөр араа биш үү гэж бүр хэлээд байсан биз дээ? Гэтэл чи наад талынх нь хоёр жижиг шүдийг ухчихсан байх юм. “Салаа ёзоортой зургадугаар араа, ёзоорынх нь ац нь хүртэл харагдаж байхад яаж андуурахаараа хоёр шүд ухчихдаг байна аа” гээд тэнд байсан сувилагч охин гайхаад байна шүү дээ.
– Яах аргагүй үрэвсэлтэй шүд байсан даа. Энд өвчин байна уу гэхэд та өөрөө тийм гэсэн биз дээ. Хэрэв тийм бол цаадах зургадугаар араа нь ч бас үрэвсэлтэй байж л дээ.
Би ямар тэр үед чиний хөх толгойны хоёр талаас шахчхаад би шал өөр юм бодож хэвтсээн гэлтэй биш.
– Чи сонс. Би дөч гарч яваа хүн. Надад шүд ямар чухал болохыг чи ингэхэд ойлгож байна уу? Нэг шүд ч байсан эмчлүүлэх гээд, аль болох суга татуулчихгүй юм сан гэж явахад чи бүр хоёрын хоёр шүдээр тоглочих юм аа. Аавыгаа хиймэл шүдтэй байгааг хараад надад ямар бодол төрсөн гэж санана. Ядахдаа тэр хоёр нь ямар ч үрэвсэлгүй, цоо эрүүл шүд байсан байх юм. Үнэхээр эмчилгээ хийлгэх шаардлагатай, үрэвсэлтэй шүд байсан бол би ингэж сүр бадраах ч үгүй л гэлээ.
– Одоо хоёулаа яах вэ? (Одоо хоёулаа яах вэ гэдэг үг намайг бүрэн тайвшруулах шиг боллоо. Одоо хоёулаа амрагууд болцгооё, бүхнийг мартъя гэж хэлэнгээ л алдлаа.)
– Би чамайг уучиллаа гээд ухаад хаячихсан хоёр шүд чинь зүгээр болохгүй биз дээ? Би чамтай ажлын хариуцлага тооцож мэргэжлийн хяналт ч юм уу зохих байгууллагад нь гомдол санал гаргаж чадна. Гэхдээ чамайг бодоод тэгмээргүй байна. Чиний цаашдын карьерыг ч бодож байна. (Элдэв дээдийн юм бодоод байдаг далд хүн маань одоо чи надад чухал хүн болсон. Эсвэл болох ёстой хэмээн хэлж нэг мөр өөрийнхөө эрхшээлд оруулахаар оролдох гэж байх шиг.) Би аль болох тайван байх гэж хичээж байна. Ямартаа ч чи ухсан хоёр шүдээ маш сайн ломбодоод янзлаад аль.
– Тэгье ээ. Би сайтар угааж цэвэрлээд үнэ төлбөргүй ломбодоод өгье. Та ийшээ хэвтчих. (Би хэдхэн мөчийн дараа хоёр хөхийг нь чамархайдаа мэдрэн хэвтэж буйгаар өөрийгөө төсөөллөө.)
– Ер нь бол чиний ажлын хариуцлагагүй байдлаас болоод л би ингэж бухимдаад байна. Тэрнээс хувь хүний чинь тухайд чамд ингэтэл хатуурхъя гэж бодоогүй юм шүү. Би нэг жоохон тайвшраадахъя гэлээ. Яг тэр үед ашгүй үүдэнд утас хангиналаа.
– За тэгвэл та байж байх уу? Би хурдхан утсаа аваадахъя.
Тэг тэг хэмээн би толгойгоороо дохилоо. Бүсгүй үүднийхээ ширээ рүү эв хавгүйхэн эргэлээ. Багагүй сандарч тэвдсэн болохыг нь би тэгэхэд л анзаарч харсан юм. Хэдэн өдрийн өмнө надаас ууттай жимс аваад нүдээрээ инээмсэглэж зогссон яг тэр газраа хэн нэгэнтэй утсаар ярина. Тэр өнөөх л эмэгтэй хэвээрээ атал би шал өөр адайр хүн болчихсон байгаа нь тоогүй. Бас миний гаднах байр байдал доторх хүн хоёр газар тэнгэр шиг өөр байгаад гайхаш төрнө. Бидний яриа цаашид хэрхэн өрнөж болох талаар далд хүн маань бодож байна.
– Хойшдоо энэ хоёр шүд өвдөөд болохгүй бол би чам дээр ирж үзүүлж байж болох уу?
– Бололгүй яах вэ. Хэрэв ямар нэг асуудал зовуурь гарвал та хүрээд ирж байна биз. Би өөрөө хариуцаад эмчилье гэж тэр хэлж байна. Түүний дуу хоолойд хүлцэнгүй, урин байдалтай цуг айдас, хамаарал бий болно. Түүнийг тэврэн үнсэж, өгзөг хөхийг нь базалж буйгаар өөрийгөө төсөөлөх гэсэн ч би тэгэхгүйг хичээлээ. Гэтэл доторх хүн маань гадаа хаалгыг дотроос нь түгжсэнээр, цонх хөшиг нь хаалттай буйгаар, бүсгүйг үзлэгийн орон дээр хөлөрчихсөн нүцгэн хэвтээгээр, шүдээ үзүүлэхээр ирсэн нэгэн “Энэ шүдний эмнэлэг чинь байнга л түгжээтэй байдаг боллоо” хэмээн ундууцан хэлж буйгаар төсөөлөх гэсэн ч би хүчлэн болиулж, зургадугаар араа ч намайг дэмжих шиг янгинаад авлаа. Цэнгэлмаагийн утсаар ярих нь сонсогдоно.
– Би харин хүнтэй байна аа. Өнөөдөр цайны цагаар уулзаж чадахгүй нь. Ерөөсөө маргааш болъё.
Тэр цайны цагаараа өөр хүнтэй хурьцан жаргадаг байх нь. Би тэгээд яах болж байна? Хоёрын хоёр шүдээ зольсон байтал намайг огтхон ч боддоггүй байна шүү. Маргааш болъё гэнэ шүү. Арай ч дээ Цэнгэлмаа! Ер нь би хоёр шүднийхээ төлөөсөнд… хэмээн бодох мөчид өнөөх муу шүд ахин ян хийлээ. Би гадагшаа гарч тамхи татах санаатай үүд рүү дөхлөө. Тэр чигтээ явъя гэж бодсон ч байж мэднэ.
– За та наашаа хэвтчих үү гээд Цэнгэлмаа нэг удаагийн бээлий задлан гартаа углах хооронд би түүний ядам хуруунд хатансүйх хээ бүхүй хуримын бөгж байгааг олж харлаа. Нөхөртэй байж бас хэнтэйгээ цайны цагаар уулзаж явдаг байна аа? Хамаг горь найдвар минь талаар болсон урамгүй мэдрэмж ивлээд ирэх ичмээр. Тэр мөчид үүдний ширээн дээрээс миний түүнд бэлэглэсэн бяцхан чөтгөр над руу ширтэж байв. “Бяцхан чөтгөр” гэж би өөрийн мэдэлгүй хэлчихлээ. Тэр зөвхөн эрүүл шүдийг минь ч биш сэрэл хүслийг минь, сайхан төсөөллийг минь баллаад хаячихлаа.
– Бяцхан чөтгөр гэв үү?
– Чамаас болоод би одоо ч өвдсөн хэвээрээ л байна гэж би хэлэв. Энэ үгийг гаднах би хэлсэн үү, доторх нь хэлсэн үү мэдэхгүй. Цэнгэлмаа илтэд зовсон шинжтэй. Саяын ярьсан хүн нь үнэхээр миний бодсон шиг нөхөр байхаас гарцаагүй болж таарлаа. Тэр миний нүд рүү ч харж чадахгүй далдичиж байв.
– Би одоохон үрэвсэлтэй шүдийг нь нээгээд эм хийгээд явуулъя. Нөгөө хоёр шүдийг нь ч бас ломбодоод янзлаад өгье.
– Хэрэггүй ээ чи миний төлбөрийг л буцаагаад өгчих. Дотроо бол би “Чи миний сэтгэлийг эмчилж чадахгүй шүү дээ. Чи миний төсөөллийг нээгээд эм хийж чадахгүйгээс хойш би төлбөрөө аваад явсан нь дээр байх” гэж хэлсэн юм.
– Юу л даа ахаа, манай эмнэлэг нэгэнт хийгдчихсэн эмчилгээний төлбөрийг буцааж олгодоггүй журамтай юм аа. Та ойлгоорой.
– Юу гэсэн үг вэ наадах чинь? Би хоёр шүдээ үгүй хийлгэчхээд чамаас ямар ч нөхөн төлбөр нэхэхгүй гэж байна. Ердөө энэ хүртэл төлсөн эмчилгээнийхээ мөнгийг буцааж авъя аа л гэлээ. Огт эмчилгээ хийлгээгүй хүн тэгэх эрхтэй биз дээ? Тэгээд чи явж сая утсаар ярьсан хүнтэйгээ уулз даа.
– Үгүй ээ тэр хүнтэй уулзахгүй байж болно. Би таныг сайн ойлгож байна.
– Чи бялуу хийж зардаг байжээ гэж бодъё. Гэтэл би тэр бялуунд чинь хордчихлоо. Гэхдээ танай эмнэлэгт, ялангуяа чамд ямар нэг гомдол санал гаргахгүй байж болно. Тэрийг хоёулаа жич ярья. Ердөө бялуу худалдаж авсан мөнгөө буцаагаад авчихъя гэж байна шүү дээ.
– Тийм ээ би ойлгож байна. Та тайвшраад ор луу гараад хэвтчих. Би ядаж хоёр шүдийг чинь угааж ломбодоод явуулъя. Түр зуурын ломботой байгаа шүү дээ. Тэгээд хоёулаа маргаашаас төлбөр буцаах тухай, бас зургадугаар арааг чинь яаж эмчлэхээ ярилцъя тэгэх үү?
Ийм явдлын дараа түүний дор амаа ангайгаад хэвтэх ямар байсан гэж санана. Тэр мөчид надад юу мэдрэгдсэнийг би хэлье. Анх хараад бодсон болгоныг минь, амтат төсөөллүүдийг маань эмч бүсгүй үрэвслийн эмтэй хамт хайр найргүй усаар шүршиж ул мөргүй цэвэрлээд, тосгуурт соруулж асгаад түүнийхээ оронд бодит байдлын гашууныг шохойн ломботой зуурч онгойсон хоосон нүхийг нь дүүргээд бөглөж байлаа. Дурлал, шохоорхол гэдэг тэгэхэд яг л үрэвсэл шиг мэдрэгдсэнийг хэлэх юм биш. Өмнө нь энэ орон дээр хэвтэхэд төрж байсан амтат төсөөллүүд минь толгой тархинд байх газраа ололгүй шахагдаад нэг их том санаа алдахтай минь зэрэг нүдний аяганд дүүрч ирснээ чамархай даган урсана. Ямар нэгэн багаж авахаар тавиур руу зүтгэлэхдээ алдаж урсгасан тэрхүү амтат бодлуудыг минь миний ахиж хэзээ ч мэдрэхгүй зөөлөн хөхөөрөө арчиж өглөө.
Хожим би хиймэл шүд харах бүрдээ, цав цагаанаар тунарах холливүүд инээмсэглэлтэй таарах болгондоо өөгүй хиймэл, цэвэр цагаан өнгө амьдралын үнэн өнгийг харин ч бүдгэрүүлж байна уу даа гэж боддог болсон.
Ахиж би шүдээ эмчлүүлэх гэж түүн дээр очоогүй. Ямар нэг байдлаар төлбөр мөнгө ч нэхээгүй. Зам дээр цаг гаран түгжирч байж хүрдэг илүү туршлагатай, өндөр үнэтэй, сувилагч нь жижигхэн хөхтэй, урт дараалалтай эмнэлэгт долоо хоног эмчлүүлсний эцэст ахиад хэдэн жил араатайгаа үлдэхээр болсон юм. Гэлээ гэхдээ миний сэтгэлд өөр хөндүүр байсаар л. Хэрэв зээ дурлал тохиох, бусдыг хайрлах нь үнэхээр л шүд өвдөхтэй адил шаналгаач зүйл юм бол тийм шаналлаас салахын тулд илүүг зарлагадах нь зөв байлгүй яах вэ. Гэлээ гэхдээ зөв шийдвэр болгон ухаалаг хүнээс гардаггүйг хэлье. Амар амгаланг асар урт дараалалд дугаарлаж хэтэрхий өндөр үнээр олж авах дээрээ тулбал алдаа мадаггүй, зовуурьгүй амьдрах шиг уйтай зүйл үгүй ч байж мэднэ.
Чи хэн нэг хүнд шохоорхон татагдлаа гэхэд магадгүй тэр хүн чинь яг л над шиг өчүүхэн хуурмаг зангаа аман дотроо, амьгүй шүдэн дотроо шохойдоод нуучихсан явж байж ч магадгүй. Одоо аятайхан эмэгтэй харах болгонд, элдэв төсөөлөлд автах бүрийд өнөөх зургадугаар араа маань биш бусад эрүүл шүднүүд нь нөгөө хоёр шүд шигээ хоосон хөндий оргих шиг болдог доо.
Өнгөрдөг амралтын өдрөөр би уран зургийн үзэсгэлэн үзэж яваад Цэнгэлмааг олж харсан юм. Надаас хориодхон алхмын зайд нэг залуу сугадчихсан ямар нэг шувууны үзмэрийн өмнө зогсож байсан. Тогтож харвал хуруунд нь хуримын бөгж нь харагдсангүй. Зургадугаар араандаа зуучхаа биз. Тэр хоёрыг явсны дараа би танхимыг тойрон үзмэрүүдийг ээлж дараалан үзсээр түүний зогсож байсан ясаар хийсэн торонд хоригдсон шувууны өмнө ирлээ. Тэр энэ яснуудыг хараад юу бодоо бол? Намайг бодсон болов уу? Яагаад ч юм тэр шувуу нь би юм шиг бодогдоод болдоггүй. Тэр шувууг, тийм сонин ясан торыг удтал ширтэн шанаагаа илэн зогсохдоо би юу эсийг бодсон гэх вэ. Яваандаа би өөрөө тэрхүү ясан тор нь болохоо ойлгох ч шиг. Харин тэрүүхэнд дурсамжаар лугших араа маань хөөрхий шувуу шиг жиргэн дуугарав. Бүр сүүлдээ энэ хот бол өвдөлт мэдэрч буй уураг тархи, эс бөгөөс махан бие. Харин би түүнийг өвтгөөд буй үрэвсэлд идэгдсэн эмчилгээгүй шүд ч гэж бодож үзлээ. Би тэр өдөр үзэсгэлэнгээс гараад Чингисийн өргөн чөлөөнд байх шүдний эмнэлэг рүү явж зургадугаар араагаа авхуулъя гэж бодлоо. Хүн шүдтэй байх нь тийм ч чухал зүйл биш. Бодол нь эрх чөлөөтэй, элдэв зовуурьгүй, сэтгэлдээ тээр дарамтгүй байх нь илүү чухал санагдсандаа тэр муу арааг зүрхнээсээ, толгойноосоо суга татуулсан нь дээр гэж шийдсэн билээ.
-
Усны гудамж
- 09/29/2026
ЗУРГАДУГААР АРАА
САНАХГҮЙ БАЙНА ГЭХДЭЭ САЙХАН БАЙНА. Энэхүү өгүүллэгийн түүвэр нь төвөгтэй цаг үед төөрөлдсөн, замаа олох гэсэн, гэхдээ олж чадаагүй хүний,…
ҮГЭНД ҮЛ ХУВИЛНА
- 09/16/2026
ДАВЛАГАА ДАВЛАГАА БОЛОХЫН ТУЛД
- 08/04/2026
ШАТААГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ
- 07/06/2026
Альбер Камю: Абсурдтай нүүр тулах эр зориг
- 06/24/2026

Leave a Reply