Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

Одиссейд “БУЦАХ ЗАМ ҮГҮЙ” кино шүүмж

Кристофер Ноланы "Одиссей" киноны шүүмж

Бид энэ удаа АНУ-ын кино шүүмжлэгч, найруулагч, зохиолч Ричард Бродигийн кино шүүмжийг орчуулан хүргэж байна. Тэр бээр 1999 оноос хойш The New Yorker сэтгүүлд өөрийн The Front Row буландаа кино шүүмж бичиж байна. Түүний шүүмжийн урын сан XXI зууны хамгийн шилдэг гэсэн дүрүүд болон  бүх цаг үеийн шилдэг баримтат бүтээлүүдэд чиглэдэг билээ.

Хомерын зохиолыг уншаагүй үзэгч л Кристофер Ноланы “Одиссей”-г таална. Ингэж үзэх болсон маань шалихгүй нэг орхигдож гээгдсэн шалдар булдар юмыг нэхэн гасалсандаа биш юм шүү. Үлэмж хэмжээний уран зохиолын бүтээлийг дэлгэцийн уран бүтээл болгохын тулд тодорхой хэсгийг танах, хураангуйлах зайлшгүй шаардлага гардаг нь жам. Гэхдээ Кристофер Ноланы “Одиссей”-н бүхий л эд эсэд нэгэн зүйл нэвт үгүйлэгдэж байгаад л хэргийн гол учир оршино. Бурхад… Олимп уулын орой дахь Зевсийн ордонд бурхад чуулж, Одиссейн хувь тавилангийн талаар марган мэтгэж тууль эхэлдэг. Тэгвэл Ноланы кинонд хүмүүс бурхдын тухай халти дурдахаас биш, Олимп дээрх бурхдын мэтгэлцээн гэж үгүй. Классик грек бурхдын чуулганаас дэлгэцнээ ил үзэгдэх ганц бурхан нь үйл явдлыг зайдуухан ажиглаж ээ суух Афина (Зендея).

 

Тэгэхээр Нолан цэвэр хүмүүний драмыг өрнүүлжээ. Кино эхлэхэд Тройн дайнд Грекийн цэргийг манлайлж оролцсон Одиссей (Мэтт Дэймон) төрсөн нутаг Итакаасаа яваад 20 орчим жил болсон байна. Одиссей арван жил дайтаж, арван жил хэрэн хэсүүчилжээ. Тэр бээр Калипсогийн илбэ урхинаас авхуулаад хүн иддэг Циклопын хорсол хилэн хүртэлх уваа цуваа учрал бэрхшээлд ээрүүлэн байх хойгуур эхнэр Пенелопа (Энн Хэтэуэй) өөртэй нь гэрлэхийг шалах Итакийн олон язгууртны шаардлагыг уран арга сийлэн няцаасаар… Өнөө хэд маань хаан ордны хүнс хоол, архи дарсыг хайр гамгүй цөлмөж, дураараа авирлацгаана. Эцэг нь дайнд мордоход нялх хоцорсон хүү Телемах (Том Холланд) эдүгээ эрийн цээнд хүрч, эхийнх нь хормойноос зүүгдэгсдийг хөөн зайлуулах эрс шийдэмгий зорилго өвөртөлжээ. Энэ бол уран зохиолд эрийн цээнд хүрэх үйл явдлыг үзүүлсэн өвөг хувилбар. Одиссей эцэст нь нэг юм гэртээ буцах замаа олж хаан ширээ, хатныг нь булаан авах гэсэн эзэрхий санаатнуудыг гэсгээхээр хүү Телемахтайгаа хүч хавсран тулна. 

Ийнхүү бурхад дархидын оролцоог хамгийн бага түвшинд барьсан эл түүх хүсэл шунал, айдас хүйдэс, аядуу  зөөлөн шинж чанарыг цогцлоосон, гайхамшгаар дүүрэн, сэтгэл сэргээм адал явдал хэвээр үлдсэн л дээ.

Гэхдээ Хомерын эх зохиолыг уншихад мэдрэгддэг сэтгэл долгисуулагч өвөрмөц чанарыг хуу хоослоод хаячихсан нь шогширмоор. Тэр хүрэл зэвсгийн үеийн сэтгэлгээг орчин үеийнхээс зааглаж хиллэдэг асар том зурвас хязгаарыг аваад хаячхаж. Хомерын дүрсэлдэг ертөнц бол хачирхалтай бөгөөд сэтгэл түгшээм барьцгүй ертөнц. Тэнд хүний бүхий л оршихуй алив далд санаа, ааш хувирамтгай бурхдын дур зоргоос эгнэгт хамаарч байдаг. Хүмүүний амьдрал хийгээд бурхдын далдын хүчний хоорондох энэхүү үл тасрах холбоог орхигдуулснаараа Нолан Хомерын эрин үеийг тийм өөр, тийм онцгой болгогч “их хүч”-ийг үгүй хийж орхижээ.

Ялангуяа бурхны оролцоот далд хүчний уур амьсгал хийгээд түүнтэй салшгүй холбогдох хүний ёс суртахууны орчныг…

Туульсад гарах хүчирхийлэл, зан үйлийн хэсэг дэх балар эртний шинж чанарыг Нолан хэрхэн дүрслэх бол гэдэг нь надад их сонин байлаа. Цусандаа холилдон чарлах амьтдаар дүүрсэн тайлга тахилга; зовон тэлчлэх хүмүүсээр хооллогч аварга биетний аймшигт догшин дүр байдал; дүрүүдийн хөл гар, хөвчөө тасдуулж буй хэсгүүд; тухайн үеийн нийгмийн тогтолцооны дүрэм болсон эрүүдлэг яргалал; харгис өшөө авалтаас авах бах таашаал зэргийг Нолан яаж буулгах бол? Хомерын ертөнцийн хэт агсам, түргэн авирт хүмүүсийг бидэнд хэрхэн ойлгуулах гэж байгаа юм бол? Жишээ нь, шаналан гутсандаа хувцсаа урж тасдах нь энүүхэнд тэдний (Эмили Уилсоны 2017 оны туульсийн орчуулгад гардаг шиг) “Хэт гашуудсандаа эмгэнэн цурхирч, өнхрөөд унахыг” Нолан яаж үзүүлэх юм бэ? Эсвэл I дэвтэрт Афина бурхан “Ордны голомтоос уйгих утаан дундуур шувуу мэт дүүлэн одож, Телемахт өөрийн бурханлаг дүрээ илчлэн үзүүлдэг дээ? Үүн лүгээ адил зураг мэт уран сэтгэмжит ертөнцийг кинонд яаж харуулах юм бол оо?

Гэвч Нолан эртний грекчүүдийн дотоод сэтгэлгээний ертөнц рүү үзэгчдийг хөтлөхөөс цааргалжээ. Хураангуйлан товчилж, орчин үеийн амьдралд тохиолдож болох л эгэл хүний драма бүтээхийг завдсан байх аж.

Хомерын үеийн араатан мэт дайчдыг амьтан сургах аятай номхруулж тавив. Аварга эрсийн аймшигт үхлийг хурдан эвлүүлэгтэй тулааны хэсгүүдээр халти мултхан ерөнхийлөн үзүүлээд өнгөрөв. Тайлга тахилгын зан үйл нь ч түргэн агаад мэс засал шиг цэмцгэр. Өшөө авалт нь цус ч үгүй, аймшиг ч үгүй цухас цухас.

Дүрүүдийнхээ нулимсыг сэтгэл зүйн нарийн тооцооллын дагуу цэмбэгэр гэгч нь өрөөсөн хацрыг нь дагуулан урсгав. Сүр ихт, энэлэн шаналант эртний баатдыг зоригтой ч ноомой орчин үеийн цэрэг болгон тавьжээ. Хөмхий зуулаа, боллоо…

Нолан эрт цагийн сэтгэлгээг хялбаршуулж орчин үеийн үзэгчдэд хэт “тал зассан” боловч өөрийн санааг маш эрэмгий хийгээд өө сэвгүй дэлгэцнээ буулгасантай маргах аргагүй. Найруулагч диалогоо орчин үеийн хэл найруулгатай бөгөөд товч цомхон байхаар шийдсэн байна. Энэ нь жүжигчдэд  эртний хүмүүсийн хүнд үг хэллэгээр биш, өөрсдийнхөө ярьдаг хэлээрээ тухтай, уран чадварлаг тоглолт гаргах боломжийг бий болгосон. Гэвч ингэснээрээ эртний дүрүүдийн олон мянган давхарга солонгорол бүхий нарийн нийлмэл мөн чанарыг хялбаршуулж, болор мэт өнгөгүй тунгалаг, хатуу хэвэнд цутгаж орхиж дээ. Энн Хэтэвэй Пенелопэд чухам тохирох хурц харцтай жүжигчин юм. Тэр бээр дүрдээ Холливудын сонгодог хөдөлгөөнийг зээлж авчраад чадварлагаар үзүүлнэ. Хүү Телемах руугаа “Том тулаанд ороход арай болоогүй” гэдгийг нь хэлэхдээ дээрээс доош басангуй хардаг хэсгээс энэ их тод мэдрэгддэг билээ. Спарта хаан их Менелайн дүрийг бүтээсэн жүжигчин Жон Бернтал Нью-Йоркийн захын дүүргийн аялгаар ярих нь тунчиг сонин атлаа өвөрмөц зохицол байх юм. Их хааны дэргэд төдий амар тайван бус, түгшүүртэй харагдах эхнэр Элена (Лупита Нионго) Тройн дайныг үүтгэгч нэр зүүн олон мянган хүний үхэл, их гүрний сүйрэлд зүхүүлэн буйдаа энэлэн байна. Энэ энэлэл түүнийг дуугүй дорой, догшин ширүүн дүр байдлын хооронд оволзуулах аж. Телемахыг амь тавин хамгаалдаг, Одиссейн үнэнч боол гахайчин Евмейн дүрээр Жон Легуизамо хал үзэж хашир суусан, эгэл боргил боловч нугаршгүй төрхийг гаргаж ирсэн нь язгууртан ноёдын ховдог шунахай ялзарсан дүр байдалтай тун сайн эсрэгцжээ. Саманта Мортоны шударга хөдөөний эмэгтэйн ааль аягийг үзүүлсэн Киркийн дүрийн ажиллагаа шинэчилсэн кино зохиолын хувилбарыг тун үнэмшилтэй болгож чадсан. Туульд гардаг уянгалаг наалинхай хоолойтой, эрчүүдийг урхидан хорлодог шулам маань кинонд Одиссейн цэргүүдийг гахай шиг сувдагласных нь төлөө гахай болгож хувиргадаг эмэгтэй болж шинэчлэгдсэн байгаа нь домгийн шинж чанараараа ч, ёс суртахууны бэлгэдэлт утгаараа ч тун үнэмшилтэй болжээ. 

Ноланы дүрийн үзэл баримтлалтай нягт холбогдож чадсан жүжигчин бол Мэтт Дэймон буюу Одиссей өөрөө байлаа. Ов мэхт чанараараа зартай Хомерын дүр энэ кинонд илүү энгийн, шулуун шударга нэгэн болсон байдаг. Түүнийг эрч хүчтэй, эгнэгт арга сэдэж явдаг, итгэхэд бэрх нэгэн бус хөндий хүйтэн, ажил хэрэгч тактик боловсруулагч болгон гаргаж ирсэн байх аж. Одиссей бол биеийн эд хав хийгээд хэлэмгий доломгой чанар, хурд хүчний аль алины нь цогцлол болсон дүр. Гэтэл Дэймон Ноланы санааг ягштал дагаж Одиссейг дуу муутай, бодолд дарагдсан нэгэн болгож үзүүлсэн байх аж.

Тэгээд Одиссей ямар бодолд дараатай явна вэ?

Баатрын туулах зовлон, дүрийн мөн чанарыг тодорхойлохын тулд Нолан туульд цухас дурдагдаад өнгөрдөг хэсгүүдийг зоригтойгоор томруулж, киноны хамгийн тулгуур үзэгдэл болгон хөгжүүлжээ.

Эдгээрээс хамгийн чухал нь “Тройн модон морь” болон энэ хэрэгт Одиссейн гүйцэтгэсэн үүрэг. Энэ хэсгийг Нолан киноныхоо гол зангилаа болгон дэвшүүлж, үүгээрээ Одиссейн зан чанарыг бүрэлдүүлж, дүрийнхээ амьдралын зам мөрийг тодорхойлж өгсөн. Тройчууд сүсгийн гэгээн сэтгэлээр бурхны өргөл хэмээн итгэж, сэжиг харгүй морийг хэрэм рүүгээ оруулж ирсэн. Дараа нь дотор нь нуугдаж асан Одиссейн цөөн цэрэг Тройг галдан шатааж, үндсээр нь устгах ахейн их цэрэгт хэрмийн хаалгыг нээж өгнө.

Одиссей харгис заль мэхнээсээ болж сэтгэлдээ насан туршдаа гэмшлийн сүүдэр тээсэн нэгнээр дүрслэгджээ. Тэр бээр сайн санааны бэлгэ тэмдгийг үхэл дагуулсан зэвсэг болгон хувиргаснаараа зочноо хүндлэх Зевсийн ариун хуулийг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Мөн түүнийг пост-трауматик стресс буюу сэтгэл зүйн цочролын эмгэгийг (PTSD) туулж буйгаар, цаашлаад тэнүүчилж өнгөрүүлсэн он жилүүд нь байлдааны талбараас энгийн амьдралдаа эргэн дасан зохицох хэлбэр болсноор харуулдаг. Одиссейг долоон жилийн турш өөрийн эрхэндээ бараг л олзны хүн лугаа адил  байлгаж,  бадамлянхуа цэцэг өгч ой санамжийг нь мартуулсны эцэст эдгээд ирэхэд нь Калипсо “Чи гэртээ харихад бэлэн биш байсан юм” хэмээнэ.

Ийнхүү Одиссейн сэтгэл зүйг нээснээр Одиссей туулийг орчин үеийн хэнбугай ч ойлгоход хялбар хоол болгож “Эртний грекчүүд чинь яг л бидэнтэй адилхан байж!  гэх сэтгэгдэл төрүүлж байна. Гэвч энэ бүхэн Хомерын зохиолоос мэдрэгддэг хамгийн чухал, үлдээж гээж боломгүй эртний нийгмийн цогц бүхэллэг чанар, нарийн деталиаар баялаг шинжийг золиослож байж гарч ирж дээ.

Туулийн ихэнх харгис хэрцгий хэсгийг дараад өнгөрсөн нь ердөө хэт зэрлэг байдлыг хасаж цензурдсандаа бус Одиссейг орчин үеийн сэтгэлгээнд таацуулан цэмцгэнүүлж үзэгчдэд тал барих гэсэндээ тэр болов уу.  Хомерын хайлсан туулийн есдүгээр бүлэгт өөрийг нь зочлон угтсан хаанд аян дайныхаа тухай айлтгахдаа “Би хотыг тэр чигт нь тонож сүйдлээд, хамаг эрсийг нь хүйс тэмтэрсэн. Эмс хүүхнүүдийг нь олзлон, эд хөрөнгийг нь тэнцүү хувааж авчхаад явна даа” хэмээн жишим ч үгүй ярьж чаддаг Одиссейд энэ кинонд багтаж шингэх орон зай үлдээгүй юм. Би киноны төгсгөлийг задалмааргүй байна. Ямартаа ч туулийн төгсгөлөөс тэс өөр бөгөөд тун ч зоримог, өргөн далайцтай, нийгмийн чухал сэдвийг хөндсөн байх авч ачиртаа гүйтэц боловсроогүй төгсгөл болсон гэмээр байна. 

Найруулагч Нолан туулийн дүрслэлийг ямар хэлбэрээр үзэгчдэд хүргэх вэ гэдэгт бус өрнөл, харилцан яриа, жүжигчдийн уран ажиллагаа, байгалийн тогтоц, киноны орон цаг, зураачийн ажил, хувцас зүүсгэлд л илүү анхаарал хандуулсан мэт санагдана.

Дийлэнх үзэгдэлд кино зураглал юу ч үл илэрхийлнэ, ямар ч өнгө аяс, ямар ч текстургүй, цулгай төвийг сахисан байх аж. Найруулагч дэлгэц дээр гаргаж буй ертөнцөө гоо зүйн ямар ч консепцод зангидалгүй өнгөрчээ.

Уг нь найруулагч Нолан “Tenet”, “Inception” зэрэг шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээлдээ визуал ажиллагааг хүчтэй шингээж чадсан байдаг. Гэхдээ эдгээр бүтээлийн дэлгэцнээ цогцолсон ертөнц өнөө цаг үетэй салшгүй холбогдох залгамж чанартай байсныг ч энд дурдах нь зүйтэй. Эсрэгээрээ “Одиссей” киноны хэт энгийн реалист байдлаас нь хялбаршуулж үл болом эртний хүмүүсийн сэтгэлгээг логикчлон тайлбарлах гэсэн Ноланы “хүчлэл” нэвт сэнгэнэнэ.

Oedipus rex 1967

Ноланы киног үзэж байхдаа би Пьер Паоло Пасолинигийн эртний Грекийн сэдвээр бүтээсэн “Эдип хаан” (1967), “Медея” (1969) зэрэг киног улам бүр бишрэх сэтгэлээр дурсан саналаа. “Медея” кинонд алдарт дуучин Мария Каллас кино урлаг дахь цорын ганц гол дүрээ бүтээсэн билээ. Аль аль бүтээлд эртний сонгодог үеийн мөн чанар болсон бие арзайм ер бус байдал тод туссан байдаг төдийгүй Софокл, Еврипид нарын эмгэнэлт жүжгийн яруу сайхныг тольдон харуулах мэт дуу дүрсний сүрлэг тансаг нь ч гайхалтай хосолсон нь бий. Пасолини хүрэл зэвсгийн үеийн нууцлаг шинж хийгээд харгис өвөг чанарт онцгой анхаарч ажилласан нь хүнээр хийх тахилга зэрэг шашны сүрлэг зан үйлийг нэг бүрчлэн үзүүлж байгаагаас нь харагддаг. Энэ бүхнийг дүрслэхдээ яг л тухайн үеийн зан үйл шиг нарийн хатуу дэг жаягаар нь хөдөлгөөн нэг бүрийг дэглэсэн байх агаад антропологийн нарийн судалгааг шингээсэн байдаг юм. Өнөө цагийн ёс суртахууны хүлээс, биеэ барьсан цэмцгэнэлээр өвч цэнэглэгдсэн Нолан агуу их баатарлаг туулийг ийнхүү хэт энгийн хуурай болгон султгажээ гэж л хэлэх байна.

Ричард Броди

Орчуулсан: С.Энхцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]